Thursday, January 28, 2010

Болж байна уу?

Thursday, January 28, 2010
Эмгэн хүн шиг үглэн яншлаа гэж олон хүнд адлуулах болов уу, гэхдээ л хэлэхгүй өнгөрөхөөр зүрх шимширмээр зүйлс их болжээ.
Ардчилал, зах зээлд орлоо гэхлээр эмх замбараагүй, хөлөөрөө толгой хийж, дураараа аашилж болно гэсэн уг биш л байлтай. Ямар ч ном зохиол уншаад ардчилал, эрх чөлөө гэдгийн тодорхойлолтыг уншихад тэгж ойлгогдохгүй юм. Яагаад Монголчууд бид юмыг ингэж буруугаар хүлээн авч, буруу тийш нь мушгидаг байна аа?
Хөлөө олж, амьдралын утга учрыг ойлгосон том хүмүүс нь одоо яая гэх вэ гэхэд, энэ учраа олоогүй жоохон хүүхдүүд нь яаж байгаа юм бол оо?

Ажиглалт 1:
10-н жилийн 5-6-р ангийн хүүхдүүд хээв нэг сургуулийнхаа гадаа тамхи татаад явж байх юм. Тэдэнд хэлэх хүн алга уу? Юу ч болоогүй мэт дэлгүүрт орж тамхи худалдан авч л байдаг, нөгөөдүүл нь зарж л байдаг. Тамхи татахын хор уршиг гээд зөндөө л ярьдаг, бид бүгд мэддэг. Насанд хүрсэн хүмүүс татаж байгаа нь бол 100 хувь тухайн хүний л сонголт. Харин юугаа ч мэдэхгүй хүүхдүүд өөрсдөө татъя гэж бодоогүй л байлгүй, уруу татагдан, бусдын шахалт дарамт (peer pressure)-аар тамхи, архинд орох нь элбэг үзэгдэл болжээ. Ирээдүйн эцэг, эх болох хүмүүс одооноос биеэ хордуулаад эхлэхээр ирээдүй нь хэрхэн байх бол?

Ажиглалт 2:
Саяхан 50-р дэлгүүрт юм аваад зогсож байлаа, тэгсэн худалдагч нар хоорондоо ярьж байна. "Түрүүн наад жирэмсний тестийг чинь 3 жоохон охин, харваас арван жилийн 5-6-р ангийн гэмээр, тийм хүүхдүүд бүр Эгчээ жирэмсний тест хаана байна гэж асууж, хайж байгаад хоёрыг аваад явсан шүү дээ" гэхийг би сонссон юм. Миний нүд лав бүлт үсрэх гэж байсан. Үүнээс би хоёр дүгнэлт хийлээ. а) Бэлгийн харьцаанд орох нь бүүр эрт болжээ одоогийн үеийн хүүхдүүдийнх. б) Бас, ямар нэг хамгаалалтгүй харьцаанд ордог юм байна. Ингэж бодохоор, хэрэв тэр 3 охины нэг нь жирэмсэн болсон бол хүүхдээ гаргах болов уу? Гаргалаа гэхэд тэр охин болон түүний гэр бүлд ирэх дарамт нэмэгдэнэ. Сургуулиа цагтаа дүүргэж чадахгүй, үеийнхнээсээ хоцoрно, ичнэ. Ирээдүйд ажил эрхлэх, боловсрол эзэмшихэд нь тодорхой хэмжээний саад учирна. Гаргахгүй, абортод орлоо гэхэд ийм жаахан, дээрээс нь анхны жирэмслэлтээ таслуулж байгаа нь яавч эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөхгүй дэг ээ.

Ажиглалт 3:
ТВ чат гэдгийг мэддэггүй хүн үгүй биз ээ. Заримдаа нойргүйдэж оройтох үедээ машиндаа тавьчих дажгүй дуу олчих санаатай суваг эргүүлж суухад дан ТВ чат гарна. Зарим гоё дууг нь сонсож, нэрийг нь бичиж авна. Тэрний хажуугаар мэдээж доор, хажууд нь урсах чат-г харна. Сонирхолтой, инээдтэй янз бүрийн зүйлс хүмүүс бичнэ. Гэхдээ бие үнэлэх явдал нь дижитал хэлбэрт шилжин ТВ чат-р дамжин явдаг болсон явдал бөгөөд энэ нь сэтгэл эмзэглүүлдэг. Долоо хоногийн өмнө нэгэн ТВ Jay-Z - Empire State of Mind (feat Alicia Keys) дууг сонсож байлаа. Тун гоё дуу. Доор нь гарч байгаа чат дунд "13-тай boy байна. Яавал яана, залгаарай эгч нараа" гэж бичсэн байсан. Тун удалгүй "17, 18-тай хоёр охин байна. Энэ оройг хөгжилтэй өнгөрөөх боломжтой ах нар мессеж бичээрэй. Нэгж сав." гэсэн байв. Би өөрөө хүүхэдтэй болохоор ийм юм уншиж суухад үнэхээр эвгүй, зүрх шимширмээр байдаг юм билээ. Ийм юм олон гардаг байх, зарим нэг нь зүгээр л тоглож тэгж бичдэг байх, хэдий тийм ч энэ олон зарын дунд үнэхээр ингэж бие үнэлж байгаа олон хүүхдүүд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Монголын ирээдүй хаашаа явна вэ? Бид тэр ирээдүй рүү нь чимээгүй ингээд явуулчхаж болж байгаа юм уу?

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;