Wednesday, June 30, 2010

Талархал (Далдын хүчинд талархах нь) - 3

Wednesday, June 30, 2010
Өөрийн ажил мэргэжлийн байдалдаа талархах
Талархал нь таны ажлыг амралт болгож хувиргах увидастай.

Орой бүр тухтай дулаан орондоо орохдоо та тухайн өдөр үр бүтээлтэй, чухал ажил амжуулсан гэж бодох ямар урамтай байдаг билээ дээ. Үр бүтээмжтэй байх мэдрэмж нь хамгийн ихээр сэтгэл сэргээдэг мэдрэмжүүдийн нэг байдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Энэ нь таныг сайхан унтаж амрах, илааршиж тайвшрахад тусалдаг.

Одоо байгаа ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун, талархалтай байна гэдэг нь 9-өөс 18 хүртэлх ажилладаг ажилдаа үргэлж байх ёстой гэсэг үг биш юм. Гэрийн эзэгтэй, оюутан, тамирчин, эсвэл амрагч байсан ч өдөр тутам ямар нэг хэлбэрээр бүтээмж өндөртэй байснаа мэдрэх нь чухал юм. Жишээ нь та загасчлах дуртай бол олон загас барьсан, бизнес эрхлэгч бол хэд хэдэн хэлцэл амжилттай дуусгасан, гэрийн эзэгтэй бол гэр бүлийнхэндээ сайхан оройн зоог бэлтгэсэн өдрөө маш бүтээмж өндөртэй санагдах нь дамжиггүй. Эцсийн бүлэгт та өөрийнхөө бүтээмжийн хэлбэрт сэтгэл хангалуун байж, талархах нь таны амьдралыг бүрэн болгож байдаг. Талархалгүйгээр тодорхой хэмжээний сэтгэл ханамж таны өдөр тутмын амьдралаас дутагдах болно. Бүтээмж нь танд зорилго, ололт амжилт, сэтгэл ханамжийг бий болгож байдаг.

Хийх үйлдэл, үе шатууд:
Бүтээмжээ өндөр байлгах үүднээс өглөө бүр та өөртөө ажил мэргэжлийн холбоотой хамгийн чухал гэсэн долоон ажлаа төлөвлөж байх. Бусад ач холбогдол багатай ажил үүрэг гарахаас өмнө эдгээрийгээ хийж гүйцэтгэх. Эдгээр үйлдлийн үе шатуудыг та хийж гүйцэтгэснээрээ долоо хоног бүрийн өдрийг үр бүтээлттэйгээр, хийж бүтээсэндээ талархалтай хандаж өнгөрүүлэхээс гадна таны амьдрал нийтдээ дээшилж дэвжихийг та ажиглах болно.

Баталгаажуулах:
Үр бүтээлтэйгээ мэдэрч бусдад туслах чадамжтай байгаадаа би талархаж байна.

Tuesday, June 8, 2010

Талархал (Далдын хүчинд талархах нь) - 2

Tuesday, June 8, 2010
Та бүхэнд бага ч болов хэрэг болох болов уу гээд Др. Жон Демартинийн энэхүү номын тодорхой хэсгийг орчуулан тавьж байна. (Үргэлжлэл)

Оюун Санааны Байдалдаа Талархах
Талархсанаар та өөрийн зүрх сэтгэлээ хайр дурлалд нээж өгнө.

Хэрвээ та өөрийгөө, бусдыг, бас энэхүү гайхамшигт туршлага болох амьдралыг хайрлая гэж хүсвэл талархаж сурах нь хамгийн гол алхам юм.
Талархал нь таны мөрөөдлийн амьдралыг амьдрахад тань тусалдаг. Та оюун санааны ба сүсэг бишрэлийн талаар уламжлалт эсвэл нийтлэг ойлголт, итгэл үнэмшлээс үл хамааран таныг дүүргэж, эргэн тойронд тань байх далдын энергийн хүчинд (зарим нь сүнс гэх, зарим нь бурхан ч гэх, бусад нь амьдралын хүч гэх мэтээр ойлгодог) талархаж болох юм.
Таныг өдөр тутмын амьдралдаа оруулж ирэх ёстой дотоод амин хүчтэй тань холбож өгдөг талархлын хүчийг, түүний гүн гүнзгий агуулгыг нь та хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй.

Хийх үйлдэл, үе шатууд:

Өдөр тутам та өөрийн дотоод оюун санааны хүчтэйгээ холбогдох багахан цаг гаргаж байх хэрэгтэй. Дотоод сэтгэлдээ та өөрийн зүрх сэтгэлээ нээж чадах нь танд ямар их урам зориг, өөдрөг сэтгэл өгч болох талаар та төсөөлөх ч үгүй байх. Талархал нь таны зүрх сэтгэлийг нээх гол түлхүүр болдог. Энэ нь таны хайр сэтгэл болон урам зоригийг улам хөгжүүлж, өдөөж байдаг.

Талархал ямар ч хэлбэрээр илэрч болдог. Жишээ нь та талархлын мөргөл хийх, хоол идэхийн өмнө талархал хэлэх, хүслээ шивнэн бичсэн жагсаалт гаргах, сэтгэл сэргээсэн хөгжим сонсох, эсвэл чимээгүй газар сууж бодож эргэцүүлэн, бясалгах аль нь ч бай өдөр тутам талархалд багахан цаг зарцуулах нь таны бие, сэтгэл, оюунд тэжээл, дэмжлэг болж байдаг.

Баталгаажуулах:
Амьдралыг хайрлах хүчиндээ би үргэлж талархаж байдаг.


Оюун ухаантай байгаадаа талархах
Талархсанаар таны оюун ухаан олж, нээх ёстой гайхамшигтай газар гэдгийг та мэдрэх болно.

Өөрийн гэсэн оюун ухаантай байна гэдэг ямар сайхан хэрэг вэ! Таны оюун ухаан бусдад тайлагдашгүй оньсого мэт байх тэр л таны нууцхан дотоод ертөнцийг бий болгож байдаг. Таны оюун ухаан таны найз эсвэл дайсан болох нь таны мэдрэмж, ухамсраа хир зөв залж чадаж байгаагаас, эсвэл залуургүй ухамсар таныг хэрхэн залж байгаагаас л хамаардаг. Таны оюун ухаан яг л цэцэрлэг шиг байдаг. Оюун ухааныхаа цэцэрлэгт та цэцэг л тарихгүй бол үргэлж зэрлэг зулгаах болно.

Оюун ухааны хүчийг мөнхийн мэт бодох нь тэнэг хэрэг юм. Та мэдээллийг 5 мэдрэхүйгээрээ дотогш татаж, мэдээллийг гадагш өөрийн бодол, санаагаараа цацаж байдаг. Таны оюун ухаан ойлголт ухагдахуун, хүч чадал, айдас ба хүсэл мөрөөдлийг танд хэлмэрчлэн тайлбарлаж, шүүж, ойлгуулж байдаг. Оюун ухааныхаа төрөл бүрийн баялаг чадварт талархаж байх нь түүнийг өсөж тэлэхэд тус дөхөм болж байдаг.

Хийх үйлдэл, үе шатууд:
Өдөр бүр нэг шинэ юм сурч бай. Танд урам зориг, шинэ санаа өгөх, өөрөө өөртөө туслах ном, зохиолыг ойр байлгаж бай.

Баталгаажуулах:
Өөрөө бие даан бодож, бусдад туслах боломжийг олгож байдаг оюун ухаандаа би талархаж явдаг.

Сэтгэлийн дуудлага

Зиак, удаан блогоо шинэчлээгүйдээ хүлцэл өчье. Надаар ойрдоо сонин сайхан юу байна вэ? Хоёр сарын өмнө ажлаа сольсон. Энэ үйлдэл миний хувьд маш том алхам болсон. Хэдий олон хүн маш эрсдэлтэй алхам хийж байгааг минь гайхаж байсан ч гэлээ, ёстой л нөгөө сэтгэлийн дуудлагаар гэдэг шиг нэг л өдөр цалин өндөр, сайхан ажлаасаа гарчихсан даа хэ хэ хэ.
Хүний компанид ажиллах нэг хэрэг, харин өөрийн бизнесийг босгож өөрийн гэсэн юмтай болох нь өөр юм. Миний энэ мөрөөдөлдөө хүрэх эхний алхам ийнхүү эхэлсэн юм даа. Маш ихийг мөрөөдөж, том ч сэтгэх санаатайдаа л энэ. Мэдээж хүний мөрөөдөл, хүсэл, шунал хязгааргүй гэдэг. Гэхдээ хүнд боловсорч гүйцэх хүртэл мөрөөдлөө биелүүлэхээ хүлээнэ гэвэл цаг хугацаа дэндүү давчуу санагддаг юм. Би хэзээ "за би бэлэн боллоо, одоо л сурч дууслаа даа" гэх цаг ирэх бол гэж хүлээснээс, нас залуу цус шингэн байгаа дээрээ сууриа тавьж эхлэх хэрэгтэй юм болов уу гэж бодсон.
За ингээд эргэж харалгүй урагшаа хараад алхаад байдаг хэрэг дээ. Мэдээж энэ болгонд маань гэрийнхэн, ойр дотнынхон, найз нөхдийн маань сэтгэлийн дэм маш чухал. Тэд нар маань намайг болно бүтнэ, урагшаа гэж хөглөж, урам хайрлаж байгаад нь баярлаж явдгаа энэ далимд нэг хэлье.
Миний мөрөөдөл хэдий бусадтай харьцуулахад агуу том биш ч гэлээ миний сонирхол, сэтгэлд нийцсэн өөрийн гэсэн бизнесийг босгох явдал. Үүнд хүрэхэд тийм амаргүй гэдгийг ойлгож байгаа ч, надад хөдөлмөрлөх залуу нас, эрч хүч, тусалж дэмжих хүмүүс, зорилго, мөрөөдөл байгаа болохоор тун удахгүй энэ мөрөөдлөө биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Харин тэр хүртэл УРАГШАА!
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;