Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Monday, June 15, 2009

Инээх чинь хүртэл жаргал

Monday, June 15, 2009
Ухаалаг яриаг чинь сонсож татагдсан
Унтан гиюүрсэн сэтгэл минь нойрноос сэрж
Багтаж ядан зүрх минь цохилсон
Балчирхан охин шиг би чинь чамдаа дурлаж

Уулзалт болгон аялгуу дуу болж
Үгс нь үгүй ч сэтгэлд минь хүрсэн
Инээх чинь хүртэл жаргал авчирч
Элдвийг бодолгүй чамд би эрхлэх юм

Гүнээс гүн нуур шиг нүдэнд чинь живж
Гуйлган байж чамаараа үнсүүлэхсэн
Санан гуниглах нь хүртэл жаргал болж
Сэтгэл зүрх минь өдөр бүр чамайгаа л гэх юм

Tuesday, March 31, 2009

Гутранги бодол

Tuesday, March 31, 2009
Зүрх сэтгэл гэдэг үгнээс залхаж байна
Заавал ингэж нэрлэх хэрэгтэй гэж үү
Хайр дурлал гэхээс уур хүрж байна
Хоосон юмыг нэрлэх ёстой юм уу
Харж, барьж амталж болохгүй зүйлд
Худал нэр зүүх хэрэггүй биш үү
Үзэн ядаж байна би энэ төөрөгдөлийг
Уйдаж байна би энэ бүх худал хуурмагаас

Гуйлгачин шиг хүнээс сэтгэл гуйгаад
Ядуу юм шиг гуниж гутраад
Хайраар дүүрэн зүрхээрээ баярлаад
Харин би баян хүн шиг байх ёстой биш үү

Ойлгох юм алга болжээ
Ойр зуурханыг л эргэх болжээ
Сохор хүн шиг л би тэмтэчээд
Саруулхан шөнө ч юм харахаа больжээ

Хоёр нүд, хоёр чихэндээ итгэхгүй
Ганцхан зүрхэндээ найдаад
Мөрөөдөлдөө умбаж яваа би
Хэзээ л нэг бүдрэн сөгдөж
Харууслын далайд живэх бол
Тэр цагт би өөрийгээ зүхэж
Тэнэгтээ гайхаж хоцроно
Урагшаа нисэж байсан хүсэл минь
Ургаа мод шиг хөшиж орхино
Тэглээ ч гэлээ амьдрал зогсохгүй
Ташуурдсаар л намайг аваад одно
Гаднаа инээж баясаж л амьдрана
Дотроо хөшиж үхэжээд унтарсан байна
Дулаацуулж гэрэлтүүлэх нараа би
Дахиад хайж эхлэх болно
Харин ахин үхэхгүй гэх баталгааг
Хайр сэтгэлдээ би өгч чадахгүй

Урсан хөврөх он жилүүдийн уртад
Унтарж асасаар л миний зүрх сэтгэл
Уйтгарт амьдралийг туулах байх
Үхэх цагт харин намайг
Үлгэрийн юм шиг байлаа гэж
Магтах болов уу сэтгэл минь
Үхлүүт явсаар байгаад
Үхлээ дээ гэж гашуудах болов уу хайр минь

Sunday, March 29, 2009

Чамд өгөх бодрол

Sunday, March 29, 2009
Хүмүүний амьдрал иймээс хойш
Хэн нэгнийг гомдоочихоод
Тарчлан шаналах хэрэггүй ээ
Тааж зөгнөөгүй эргэлтийг бодож
Тайвширж харин уйл

Давс амтагдсан нулимстай чинь
Харуусал бүр чинь гараг
Дахиж харин алдалгүйгээр
Хайрт түүнтэйгээ учираг

Сэтгэл зүрх үхдэггүй юм
Санаандгүй байтал харин
Сайхан хайртай учирдаг юм
Сааталгүй харин тэр үе хүртэл
Санаандаа багтаагаад хүлээгээрэй

Ганцхан өгөх хайраа чи
Нандигнан хадгал даа түүндээ
Гашуудах зүйлгүйгээр чи
Нартын жаргалыг өг дөө хайртдаа

Thursday, September 18, 2008

Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Thursday, September 18, 2008
Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ

Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...

Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй...

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн ...

Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

Friday, August 1, 2008

Би түүнтэй байхад

Friday, August 1, 2008
Би түүнтэй байхад
Бэтгэрж санасан сэтгэл минь дэвтдэг
Би түүнийг үгүйд
Бачуурж санаашран гиюүрдэг

Би түүнгүйгээр нэг ч алхам хийдэггүй
Тэгсэн хэрнээ би үзэн яддаг
Тэгсэн хэрнээ би хайрладаг
Би түүнтэй байхад жаргалтай бас зовлонтой

Харанхуй шөнө тэр нар болж гийдэг
Нүдийг минь сохортол гэрэлтдэг
Өдөр болхоор сар болж манддаг
Нарны гэрэлд тэр нь жулддаг

Инээж, уйлуулж намайг зовоодог
Илэн таалж, урж тасдаж цочоодог
Гэхдээ би түүнийх
Гэхдээ тэр минийх
Бусад нь надад хамаагүй
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;