Thursday, January 28, 2010

Болж байна уу?

Thursday, January 28, 2010
Эмгэн хүн шиг үглэн яншлаа гэж олон хүнд адлуулах болов уу, гэхдээ л хэлэхгүй өнгөрөхөөр зүрх шимширмээр зүйлс их болжээ.
Ардчилал, зах зээлд орлоо гэхлээр эмх замбараагүй, хөлөөрөө толгой хийж, дураараа аашилж болно гэсэн уг биш л байлтай. Ямар ч ном зохиол уншаад ардчилал, эрх чөлөө гэдгийн тодорхойлолтыг уншихад тэгж ойлгогдохгүй юм. Яагаад Монголчууд бид юмыг ингэж буруугаар хүлээн авч, буруу тийш нь мушгидаг байна аа?
Хөлөө олж, амьдралын утга учрыг ойлгосон том хүмүүс нь одоо яая гэх вэ гэхэд, энэ учраа олоогүй жоохон хүүхдүүд нь яаж байгаа юм бол оо?

Ажиглалт 1:
10-н жилийн 5-6-р ангийн хүүхдүүд хээв нэг сургуулийнхаа гадаа тамхи татаад явж байх юм. Тэдэнд хэлэх хүн алга уу? Юу ч болоогүй мэт дэлгүүрт орж тамхи худалдан авч л байдаг, нөгөөдүүл нь зарж л байдаг. Тамхи татахын хор уршиг гээд зөндөө л ярьдаг, бид бүгд мэддэг. Насанд хүрсэн хүмүүс татаж байгаа нь бол 100 хувь тухайн хүний л сонголт. Харин юугаа ч мэдэхгүй хүүхдүүд өөрсдөө татъя гэж бодоогүй л байлгүй, уруу татагдан, бусдын шахалт дарамт (peer pressure)-аар тамхи, архинд орох нь элбэг үзэгдэл болжээ. Ирээдүйн эцэг, эх болох хүмүүс одооноос биеэ хордуулаад эхлэхээр ирээдүй нь хэрхэн байх бол?

Ажиглалт 2:
Саяхан 50-р дэлгүүрт юм аваад зогсож байлаа, тэгсэн худалдагч нар хоорондоо ярьж байна. "Түрүүн наад жирэмсний тестийг чинь 3 жоохон охин, харваас арван жилийн 5-6-р ангийн гэмээр, тийм хүүхдүүд бүр Эгчээ жирэмсний тест хаана байна гэж асууж, хайж байгаад хоёрыг аваад явсан шүү дээ" гэхийг би сонссон юм. Миний нүд лав бүлт үсрэх гэж байсан. Үүнээс би хоёр дүгнэлт хийлээ. а) Бэлгийн харьцаанд орох нь бүүр эрт болжээ одоогийн үеийн хүүхдүүдийнх. б) Бас, ямар нэг хамгаалалтгүй харьцаанд ордог юм байна. Ингэж бодохоор, хэрэв тэр 3 охины нэг нь жирэмсэн болсон бол хүүхдээ гаргах болов уу? Гаргалаа гэхэд тэр охин болон түүний гэр бүлд ирэх дарамт нэмэгдэнэ. Сургуулиа цагтаа дүүргэж чадахгүй, үеийнхнээсээ хоцoрно, ичнэ. Ирээдүйд ажил эрхлэх, боловсрол эзэмшихэд нь тодорхой хэмжээний саад учирна. Гаргахгүй, абортод орлоо гэхэд ийм жаахан, дээрээс нь анхны жирэмслэлтээ таслуулж байгаа нь яавч эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөхгүй дэг ээ.

Ажиглалт 3:
ТВ чат гэдгийг мэддэггүй хүн үгүй биз ээ. Заримдаа нойргүйдэж оройтох үедээ машиндаа тавьчих дажгүй дуу олчих санаатай суваг эргүүлж суухад дан ТВ чат гарна. Зарим гоё дууг нь сонсож, нэрийг нь бичиж авна. Тэрний хажуугаар мэдээж доор, хажууд нь урсах чат-г харна. Сонирхолтой, инээдтэй янз бүрийн зүйлс хүмүүс бичнэ. Гэхдээ бие үнэлэх явдал нь дижитал хэлбэрт шилжин ТВ чат-р дамжин явдаг болсон явдал бөгөөд энэ нь сэтгэл эмзэглүүлдэг. Долоо хоногийн өмнө нэгэн ТВ Jay-Z - Empire State of Mind (feat Alicia Keys) дууг сонсож байлаа. Тун гоё дуу. Доор нь гарч байгаа чат дунд "13-тай boy байна. Яавал яана, залгаарай эгч нараа" гэж бичсэн байсан. Тун удалгүй "17, 18-тай хоёр охин байна. Энэ оройг хөгжилтэй өнгөрөөх боломжтой ах нар мессеж бичээрэй. Нэгж сав." гэсэн байв. Би өөрөө хүүхэдтэй болохоор ийм юм уншиж суухад үнэхээр эвгүй, зүрх шимширмээр байдаг юм билээ. Ийм юм олон гардаг байх, зарим нэг нь зүгээр л тоглож тэгж бичдэг байх, хэдий тийм ч энэ олон зарын дунд үнэхээр ингэж бие үнэлж байгаа олон хүүхдүүд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Монголын ирээдүй хаашаа явна вэ? Бид тэр ирээдүй рүү нь чимээгүй ингээд явуулчхаж болж байгаа юм уу?

Wednesday, January 20, 2010

Нүүрэн дээрх мэнгээр шинжихүй

Wednesday, January 20, 2010
Зиак, нөхөд өө! Нүүрэн дээр чинь мэнгэ байна уу? Тэгвэл тэрүүгээр чинь бас юм хум мэдэж болдог гэжийш дээ :)
Нэт-с олсон юмаа орчуулан та бүхэнтэй хуваалцаж байна шүү, нөхөд өө!
Мэнгэ хаана байрласнаасаа шалтгаалан дараах тайлбартай байдаг юм байна. Зурган дээрээс хараад мэнгэ хаана байрлаж байгааг тоогоор нь олоод доорх тайлбараас харна уу?






1. Эцэг эх, дарга, ахмад хүмүүстэй зохицол муутай. Тэд нартайгаа аль болох хүндэтгэлтэй, зайтай харьцахыг хичээх.
2. 1-тэй ижил. Эцэг эх, дарга, ахмад хүмүүсийг хүндэтгэдэггүй. Тэд нартайгаа аль болох хүндэтгэлтэй, зайнаас харьцахыг хичээх.
3. 1-тэй ижил. Тэд нартайгаа аль болох хүндэтгэлтэй, зайтай харьцахыг хичээх.
4. Төлөвлөж чаддаггүй, тогтворгүй амьдралтай байдаг.
5. (хөмсөгний дээр) – Гэр бүл эсвэл найз нөхдийн авч ирсэн золгүй явдлын улмаас зовох магадлалтай, эсвэл мөнгөн дээр азгүй байдаг.
6. (хөмсөг дээр) – Маш ухаантай, бүтээлч, урлагийн нарийн мэдрэмжтэй. Баялаг, нэр хүнд түүнийг дагадаг ба мөнгөний асуудалд маш азтай.
7. (зовхин дээр) – Гэр бүлтэйгээ байнга зөрчилтэй байдаг ба мөнгө хадгалахдаа тун муу.
8. Санхүүгийн хувьд гачигдалтай байдаг. Хүсээгүй сексийн дайралт (sexual advance)-аас сэргийлэх шаардлагатай.
9. Хүсээгүй сексийн дайралт (sexual advance)-аас болон осол гэмтлээс сэргийлэх шаардлагатай.
10. Хүүхэд болон ач зээтэй болох, хүүхэдтэй байх боломж бага.
11. Удаан хугацааны эсвэл хүнд өвчлөлд өртөх өндөр магадлалтай.
12. Хоол боловсруулалт эсвэл хоол ундтай холбоотой асуудлуудтай тулгарах хандлагатай.
13. Хүүхдүүдийнхээ төлөө үргэлж санаа зовж, хөдөлмөрлөж байдаг, хэдий тийм ч тэд нартайгаа сайхан харьцаатай байж чаддаггүй.
14. Харшил болон хоолны хордлого болох эрсдэл өндөр байдаг.
15. Нэг газраа удаан суурьшихгүй байхыг зөвлөе. Байнга шилжилт хөдөлгөөн хийх эсвэл тогтворгүй орчинд байх хэрэгтэй.
16. Хүсээгүй сексийн дайралт (sexual advance), харшил болон хоолны хордлогоос сэргийлэх.
17. Нэр хүндээ алдахаас сэргийлж өөрийн үг, үйлдэл зэргээ байнга хянах шаардлагатай.
18. Гадаад оронд зорчихдоо өөрийн эрүүл мэнд, сайн сайхны талаар санаа тавьж байх шаардлагатай.
19. Хүсээгүй сексийн дайралт (sexual advance)-аас сэргийлэх шаардлагатай.
20. Амьдрал дэндүү богино учраас амьдралаас бүрэн дүүрэн аз жаргалыг мэдрэхийг хичээх. Гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх.
21. Хөл хэсэгтээ асуудалтай байх магадлал өндөр. Устай холбоотой осол аваараас сэргийлэх.
22. Аялал жуулчлалын үед аваар ослоос сэргийлэх.
23. Алдар цуутай, баян.

Заримыг нь би буруу ойлгоод байгам уу, үнэхээр ийм утгагүй юм бичээд байгаам уу, ёстой доонт ноү шүү. (http://www.chinesefortunecalendar.com/FaceMoleReading.htm)

Thursday, January 14, 2010

Сэрмаа яачих ваа?

Thursday, January 14, 2010
Сонин сэтгүүлээр л дүүрэн гэнэт Сэрчмаа гэж шуугисан чинь нөхөрт гарчээ манай дуучин бүсгүй. Хуримын зургуудыг нь харлаа. Аймар харамсаж байгаам чинь. Хэдэн зургийг нь энд дахин харуулья л даа. Та бүхэн миний юу хэлэх гээд байгааг харж, ойлгох биз.
Та нар энэ зурагнуудыг нь зөндөө л харсан байх. Харин дүн шинжилгээ хийж үзэв үү?

Хуримаа хийж байгаа хос гэхэд бие биерүүгээ хардаггүй, хайр сэтгэл, халамж энэ тэр ерөөсөө үнэртэхгүй юм. Нөхөр нь үнэн таалагдсангүй, хүйтэн царайтай нөхөр. Хайран Монгол хүүхэн...

Гэхдээ хүний амьдрал л юм хойно, болно бүтнэ гэж сууж байгаа байхдаа Сэрчмаа. Өмнөөс нь хүйт даачлаа.
Сэрмаа нөхөрлүүгээ хараал байхын, нөгөөх нь тоож байгаа юм алгаа хэ хэ. Ийм сайхан хүүхэн гуйж биш гуядаж хүнтэй суух байсан юм даа уул нь.


Сайн сайхан хүсэхээс өөр юу ч гэхэв дээ!




Wednesday, January 13, 2010

Зуданд баригдсан бид...

Wednesday, January 13, 2010
Хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр хэмээж нь энэхүү блогийг ашиглаж, бичдэгтээ баярлаж явна. Хэн нэгэнд бичсэн зүйлээ шүүмжлүүлэхгүй, бодсон зүйлээ тэр чигээр нь бичих боломж олгодогт нь интернет ахдаа баярлаж явдаг шүү :)
За ингээд, энэ хүйтэн өвлийн халуухан сэдэв болоод байгаа зуд, малчид, тусламж, хотынхон, бид гэсэн тодотголтой сэдвээр нэг юм бичмээр санагдлаа, бас яаж дуугүй байгаад байхав, хүн бүрийн хошуу хөдлөөд байхад би бас яаж дутав гэж.


За, хөөрхий хөдөөгөөр хэцүүдэж байна гэнэ ээ, аргагүй аргагүй. Зуншлага муу байсан зарим аймаг сумдын малчид хэцүүдэж байгаа байх. Зундаа найрлаж наадамлаад цалгардуулсан бусдынх нь мал ч бас хэцүүхэн байгаа даг аа. Аль алиныг нь гэж хэрхэн ялгаж загнаж муулах билээ. Гэхдээ л ойрын хэдэн жилийн байгалийн гамшиг, өөрсдийнхөө байж байгааг бодоод үзэхлээр залхуу Монгол хүнд одоо нүүдлийн аж ахуй, мал маллах зохихоо больсон дог оо. Харин тэр фермерийн аж ахуй гээгчийг нь хуулж аваад нэвтрүүлчихвэл нэлээд дажгүй байх юм болов уу гэж бодох юм. Өвөл нь хөлдлөө, зун нь шатлаа гэх нь арай бага, ядаж л малчдад маань суурин байж, хэт их олон толгой мал маллах бус, үр өгөөж ашиг шим ихтэй цөөн тооны мал маллаж амьдрах нь мэдээж амар биз ээ. Энэ талаар хэзээ нэгэн цагт малчин хүнтэй ном хаялцаад аман дундуураа алгадуулахаа мэдэж байгаа тул заавал тийм аж ахуйд шилж гэж хэлж чадахгүй хулчганах нь миний муугийнх ажээ. Нэгэнт л хийж чадахгүй нь ил болсон, бас дээрээс нь байгаль дэлхий нь ингэж байн байн ган, зуд илгээн цээрлүүлж байхад, өөр гарц л хайсан дээр гэж санагдана.

Ингээд, энэ жилдээ яах вэ, угаасаа нүүдэлчин соёлтойгоо хэвээр байгаа юм чинь зудад дээрэлхүүлээд байна. За тэгж байтал, хүмүүс хот хөдөөгөөрөө ялгарч байгаад зодолдох нээ янз нь. Нэг нь хөдөөгийн малчиддаа, монгол малдаа тусламж дэмжлэг гэж гуйж, гувшиж, гуядаж ташуурдах нэг хэсэг. Энэ хэсэгт сонирхолтой нь хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-н гишүүд, за тэгээд малчин ээж аавтай “хөдөө” хотынхон, мөн малчид өөрсдөө орох аж. Нөгөө талд буюу үүний эсрэг хот орон нутагт суурьшмал байдлаар нэлээд олон жил амьдарсан, мал аж ахуйгаас жоохон тасарчихсан гэхдээ мах иддэг хүмүүс нь нэгдэж байгаад тусламж өгөх, өгөхгүйдээ тулаад, гэр орон, албан ажил, ТВ, интернет-р талцан хэрэлдэж эхлэх юм.

Нэг бодлын нутаг нэгт маань зовж байхад туслах нь бидний үүрэг, хүн болж төрсний гол утга учир нинжин сэтгэл байх ёстой. Нөгөө талаас бидний зовж олсон хөдөлмөрийн хөлснөөс татдаг татварыг минь зунжин залхуурч хэвтсэн Дорж малчинд зүгээр л толгойг нь илээд май гээд өвс тэжээл болгоод өгчихдөг нь сонин.

Сонин сэтгүүл, мэдээ уншиж үзлээ. Хандивлаж байгаа нь хөөрхий нөгөө төсвийнхөн л хандивлаж байх юм. Нэг их мөнгө нь илүүдсэндээ, эсвэл бүгд 100 хувь зөвшөөрч 1-3 өдрийнхөө цалинг өгөөд ч байгаа бас биш л байх. Цаанаас нь нөгөө коммунист нийгмийн сэтгэлгээгээр хурааж аваа биз дээ хөөрхий.
Баян байгууллагууд, компаниуд, захирлууд, баячууд, гишүүд, бөхчүүд яасан бэ? Хаана явна вэ? Бодвол ихэнх нь амралтаа аваад ирж буцах шувуу шиг халуун орныг зорьсон байгаа болов уу.

Миний бодол: тодорхой хэмжээнд малчиддаа туслах хэрэгтэй, гэхдээ одоо төвлөрсөн төсвөөсөө биш, томоохон компаниуд, баян тодотголтой хүмүүсээс хураа л даа. Барьцмаар санагдах юм. Тэрбум төг хуваарилуулсан гишүүд яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ? Тус бүр нь 5-10 сая төгрөг тэр зуд болоод байгаа аймгууддаа өгч болно шүү дээ. Бидний төлдөг татварыг ингэж дур мэдэн үрэн таран хийх сайн юманд хүргэхгүй гэдэгтэй бол 100 хувь санал нэгдэж байгаа бөгөөд дарлагдсан ард түмэн нь нэг л өдөр босдог юм даа гэж...

Tuesday, January 5, 2010

Дэлхий ертөнцийн рекорд эвдсээр

Tuesday, January 5, 2010
Зиак, цаана чинь дэлхийн хамгийн өндөр байшин баригдаж дуусаад нээлтээ хийсэн байна шүү.
Өчигдөр буюу 2010 оны 1 сарын 4-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Бурж Калифа (урд нь Бурж Дубай хэмээн нэрийдэж байсан) 828 метр өндөр бүхий шинэ барилга нээлтээ хийжээ. Энэхүү тэнгэр баганадсан барилгын дизайныг Чикаго хотын Skidmore, Owings and Merrill LLP компани хийж гүйцэтгэсэн ба энэ өндөрт хүргэхэд нь хамгийн оновчтой өвөрмөц шийдлээр энэхүү байшинг нийт 1.5 тэрбум ам.доллараар 2004 оны 9 сарын 21-ээс барьж эхэлжээ. Энэхүү барилгад орших оффисын талбай м.кв нь $43,000, Армани Резиденс орон сууц м.кв нь $37,500 үнэд хүрчээ.

Манайхныг энд нэг далбаатай хөлөг онгоц барих гэж савж байтал тэнд арабууд өр зээлдээ баригдаад ч болсон чардайж байгаад нэр хүндийг нь гаргах байшингаа бариад авдаг байх нь байна шүү дээ. Манайхаан, хаагуур дэмий тэнээд УИХ гишүүн энэ тэр гээд хөөрцөглөөд яваа юм бэ? Тэр гишүүнтэй гишүүнгүй тэнэг баян болох боломжууд зөндөө байна шүү дээ.






















"Сэтгээчээ сэтгээч" гэж эцэг эх минь загнадаг аргагүй ч юм шиг. Мань мэт нь сэтгэхгүй байхад, хөгшин настай гишүүд, улс төрчид, бизнесмэнүүд нь яаж ч сэтгэхэв дээ кэ кэ кэ.

Monday, January 4, 2010

Нэг нас нэмэв, нэг бодол нэмэв

Monday, January 4, 2010
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж авлаа. Нэг өдөр шөнийн зөрүүгээр л нэг нас нэмчих юм даа. Үүнтэй чинь зэрэгцээд бодох бодол хүртэл нэмэгдэх юм.

Жил жилээр нэмэгдэх туршлагыг яана,
Өдөр өдрөөр зожигрох намайг яана

Боломж бүрээр гонсойх сэтгэлийг яана
Бүтэн байсан зүрх эмтрэхийг яана
Ухаан суугаад байна уу даа гэтэл үгүй юм

Уур уцаар минь багасав уу даа гэхээр худлаа юм

Омоглон зантай болов уу гэхээр эсрэгээрээ байх юм

Онгироод байна уу гэхээр даруухнаар байх юм
Үүнээс нь сайн гэж дүгнэвэл бас биш юм

Үлгэн салган гэж хүнд адлуулах юм


Дээрдэх биш доошлох ард түмэн минь яана

Ухаарах биш баяжих дарга нарыг яана

Эрүүлжих биш өвчлөх үр хүүхдээ яана
Цэцэглэх бус гундах байгаль дэлхийг яана

Хөгжөөд байна уу даа гэтэл үгүй юм

Хэвэндээ гэж голохоор бас биш юм

Олуулаа болох нь дээ гэж баярлах юм

Ядуу нь нутагтаа төрж баян нь гадаад явах юм

Хойч үеэ бодож байна гэх нь шал худлаа юм

Өнөө маргаашаа аргацааж байгаа нь илт юм
(MT 1.4.2010)

Лайтай их юм бодож байгаа биз хэ хэ хэ.

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;