Wednesday, December 7, 2011

80-аад оныхон гэж...

Wednesday, December 7, 2011
Бид наяад оныхон. МАХ, ТАЛХ гэсэн бичиг хажуу талдаа томоор бичсэн ачааны машин ирэхийг цонхоороо харчихаад дэлгүүр лүү чавхаддаг, усны цүдгэрийн урдуур харайж сэрүүцсэн наяад оныхон.

Mesenger, Twitter бай­гаа­­гүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан, хүссэн үедээ гадаад улс руу аялж чаддаггүй ч эх орныхоо цэв цэнхэр агаараар цээж дүүрэн амьсгалсан,... Facebook-дээ мянган найзгүй ч хөршийнхөө нэрийг мэддэг байсан наяад оныхон.

Чипс, шоколадтай зайрмагны амтыг мэдрээгүй ч, хатсан яавлаг, цагаан самрыг хамгийн амттай гэж боддог, 99 суваггүй, нэвтрүүлгийг зогсоож, ухраадаггүй ч телевизийн хөтөлбөрийг бичиж аваад үзэх киногоо отдог, гадаа тоглож, радио­гийн нэвтрүүлгээр хичээлдээ явах цагаа тоолсон, FM-ээс кас­се­тан дээр дуу хуулж, хальсыг нь хуруугаараа эргүүлсэн, “Өглөөний санамж”-аар өглөөг эхлүүлж, “Улаан шугам” руу захиа бичсэн наяад оныхон.

Багшдаа зодуулсан ч аав, ээжээсээ тас нууж, атмааны отдог газраас зам бууруулж найз охидоо гэрт нь хүргэсэн баатрууд. Цүнхийг нь барьж, гараас нь хөтөлчихөөд улайдаг ичимхийчүүд.

LV, Zara төсөөлөөгүй, эгчийнхээ хувцсыг хурдхан багадаасай л гэж хүлээсэн тэвчээртэнгүүд. Автобусанд ороод сандал руу зүтгээгүй ч ядарсандаа болоод уначихалгүй очих газраа хүрдэг л байсан, ном уншаад нүдээ нухалж, уйлснаа нуудаг зөөлхөн сэтгэлтнүүд.

Чийгтэй байшинд дэлгэцний ард хэдэн цагаар шигдэж, нэгнээ буудаж суугаагүй, крантны ус ууж, цав цагаахан цас идэж, охидын нүүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчирүүд.

Шуудай нүүрсийг өргөж дий­лэх­гүй уначихаад уйлж суусан ах, хонины хоёрдугаар мах авах гээд очерт зогссон эгч нар. Танихгүй ч гэсэн ахмад хүнд загнуулж гэмшиж зогссон дэггүйчүүд. Уух гэж биш бүжиглэх гэж цугласан нөхөд, хөлдүү төмөр долоож хэлээ нааж явсан гэнэнчүүд. Найзындаа очин модыг нь хагалж, усыг зөөсөн найзууд. Нэмж нэг л зүйлийг хэлэхэд, нээрээ аав, ээжүүд маань ажил ихтэй ч үлгэр ярьж, бүүвэйн дуу аялдаг байсан, бид наяад оныхон.

А.Шархүү
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;