Tuesday, December 15, 2009

НАМУУН (2-р хэсэг)

Tuesday, December 15, 2009
Намуун ажилдаа яаран явахдаа сэтгэл нь уужирч цээжин дэх хүнд ачаа хаягдсан мэт бие нь хөнгөрч гүйх шахам алхана. Өдөржин ажил дуусах цагийг тэсэн ядан хүлээж, хайртай хүн уруугаа тэмүүлэн оргилох сэтгэл нь байн байн цаг уруу хялам хялам хийхэд хүргэн, ажиллах ямар ч хүсэлгүй болгож байлаа. Арай ядан 18 цаг болоход Намуун компьютераа унтраан ширээн дээрх зарим зүйлсээ эмхлэн гарах гэж байхад нь өрөөнийх нь үүдэнд нэгэн бор, дунд зэргийн нуруутай бүсгүй зогсож байхыг харлаа. “Хэнтэй уулзах гэж байгаа юм болдоо” гэж хэнэггүйхэн бодон гадуур хувцсаа өмсөн бүсгүйн хажуугаар гарах гэтэл “Уучлаарай, та Намуун мөн үү” гэв. Намуун нэлээд гайхан тэр бүсгүйг сайн ажиглан харав. Танихгүй бүсгүй. “Тийм ээ, би Намуун байна. Та хаанаас явна?” гэхэд бор бүсгүйн нүд нь дальдчин байж “Би тантай Ирмүүний талаар уулзаж гэсэн юм аа” гэв.

Доош харан түүний өөдөөс харахаас айн зогсох энэ бүсгүй Ирмүүнтэй ямар холбоотой бол гэж Намуун таамаглаж байх зуур өөрийн эрхгүй хар нөмрөг өөрийг нь бүрхээд авах шиг санагдав. Ажлынхнаасаа санаа зовж, “Хоёулаа ийшээ гаръя” гэж Намуун зөөлхөн хэллээ. Тэр нэг л мууг ёрыг зөгнөж зүрх нь хүчтэй цохилон, амьсгаа нь давчдан алхана. Ажлынх нь хажууханд байх нэгэн буйдхан кафед орж өөдөөс нь харан суух нөгөө бүсгүйг сайн ажлаа. Даруухан, будаг шунх бараг түрхээгүй, Намуунаас нэлээн хэд дүү болов уу гэмээр нүдэнд дулаахан бүсгүй байв. “Ирмүүн танд хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Гэхдээ та намайг зөвөөр ойлгоорой. Би Ирмүүний хүүхдийг тээж байгаа. Одоо 4 сартай.” гэж хэлэхэд нь Намууны дотор муухайрч, нүд нь харанхуйлаад ирэв. Намуун “Юу гэнэ ээ?” гэж арайхийн ам нээлээ. “Танд тэгвэл хэлээгүй юм байна л даа. Ирмүүн бид хоёр найзлаад жил болж байгаа. 4 сарын өмнө танаас салаад манайд ирсэн юм. Тэгсэн хэд хоногийн өмнө бид 2 муудалцаад, тэр яваад өгсөн. Гар утас нь хаалттай. Би гэр уруу нь залгахлаар байхгүй гээд. Би танайд очсон юм байна гэж яагаад ч юм зөнгөөрөө мэдэрсэн. Та хоёр хүүхэдгүй. Харин бид хоёрыг холбох цусан холбоотой болсон. Та үүнийг зөвөөр ойлгох болов үү гээд би тантай уулзахаар ирлээ” гэж намуухан хэлэх бүсгүйг харж суух Намууны нүдэнд үзэн ядалт тодорно. “Ирмүүн бид хоёр хир удаж байгааг чи мэдэх үү? Чамайг хаяад над дээр ирсэн. Чи албатай юм шиг жирэмсэн болчхоод одоо надаас юу хүсээд байгаа юм бэ?” гэж Намуун уур хилэнгээр дүүрэн харцаар бүсгүйг ташуурдан орилох шахам хэллээ. Намууны дотор гал шатна. Ирмүүнд гомдох, энэ бүсгүйд уурлах аль аль нь хослон яах учраа үл олно. Нөгөөх бүсгүй чимээгүй толгой гудайлган, хий л цүнхнийхээ оосрыг имрэн сууна. Намуун “Чамтай яриад байх юм алга” гээд гүйх шахам гарлаа.

Гадаа цас будран орж байв. Гудамжны гэрэлд гялтганах цасыг харан зогсохдоо хүйтэн мэдрэх сөхөөгүй болчихсон, хүрэмнийх нь энгэр нь задгай хий л амьсгаадан зогсох Намууныг харсан хэн ч айхаар байлаа. Дахиад л өнөөх хөндүүр цээжинд нь мэдрэгдэж, дахиад л өнөөх гашуун нулимсууд хацар даган бөмбөрнө. “Яасан өөдгүй амьтан бэ! Намайг өчнөөн удаан хуурч мэхэлж байсан байна шүү дээ. Тэгээд намайг хаяж эднийдээ оччихоод муудалцхаараа над дээр ирж” гэх томоос том давлагаа мэт бодлууд түүний толгойд давлагаалан, хуй салхинд өртсөн далай мэт булгилна. Намуун нулимсаа ороолтынхоо үзүүрээр арчаад, хүрмээ товчлон гэрийн зүг алхлаа.

Цагийн өмнө булгилан тэмүүлж байсан зүрх, гүйх шахам харихаар зэхэж байсан сэтгэл аль хэдийнээ унтарчээ. Одоо Намуун удаан бодлогошрон алхана. Тэр түүндээ дэндүү их хайртай, гэхдээ Ирмүүн түүнийг ингэж хуурна, ийм байдалд оруулна гэж төсөөлөөгүй явсан сан. Ирмүүнийг хаалга хаян гарч одсон мөчөөс эхлэн Намуун өөрийгөө буруутган байж түүнийгээ сэтгэлдээ өөрөө өөрөөсөө өмөөрч байсан сан. Үнэн хэрэгтээ тэр түүгээр тоглосон болж таарлаа. “Гэрийнхээ үүдээр орохдоо Ирмүүний нүүрийг яаж харах вэ? Би яах ёстой юм бол оо? Би түүнд юу гэж хэлэх вэ?” Намуунд энэ олон асуултад хариу олдохгүй дэмий л хий бухимдана.

Алхсаар гэрийнхээ гадаа ирсэн байлаа. Цонхнууд нь гэрэлгүй харагдана. “Маргааш орой хоёулаа гоё хоол хийж иднэ тээ” гэж инээмсэглэн хэлэх Ирмүүний төрх санагдана. “Тэр алга. Хаачсан юм бол? Ойрхон дэлгүүр гарсан юм болов уу?” гэх асуултууд түүний итгэл найдварын сүүлчийн зурвасууд байлаа. Яаран гэртээ орлоо. Ирмүүн алга. Гар утас уруу нь залгахад унтраасан байлаа. Намууны зүрхэнд хурсан цөхрөл түүнд үлдсэн жоохон горьдлогыг нь таслан авч одов. Амьдралд, хайртай хүндээ бүхнээс илүүтэйгээр гоморхох Намуун хүрэмтэйгээ зөөлөн орон дээрээ хэвтлээ. Гадаа харанхуй. Хажуугаар өнгөрөх машины гэрэл л гэрийн цонхоор орж ирэх үед өрөөг бага зэрэг гэрэлтүүлнэ. Гэнэт Намууны гарт дэрнийх нь ойролцоо нэг цаас баригдав. Сандран босож гэрлээ асаан цаасыг харав. “Намуунаа, намайгаа уучлаарай. Би чамдаа тайлбарлахад дэндүү хэцүү, хүнд байдалд орчихсон. Чамайгаа гомдооё гэж бодоогүй юм шүү. Чи минь хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн бүсгүй шүү. Намайгаа уучлаарай! Би дахиж ирэхгүй” гэсэн Ирмүүний бичгийн хэв бүхий зурвас байлаа.

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;