Sunday, December 13, 2009

НАМУУН (1-р хэсэг)

Sunday, December 13, 2009
Намууныг өглөө сэрэхэд нартай өглөө угтлаа. Шөнө бүгчим хоносон тул салхивчаа нээж шинэ өглөөний цэнгэг агаар оруулангаа Намуун цонхны шил дээрх үлгэрийн гэмээр хээ угалзыг харан хэдэн хором зогсов. Цантсан цонхны цаана хүүхдүүд сургуульдаа, бяцхан үрсээ зарим нь хөтлөн, зарим нь тэврэн цэцэрлэг уруу нь яаран алхлах эцэг эхчүүдийн хөл дор чахран дуугарах цасны дуу сонсогдоно. Ханан дээрх цаг уруу хархад 7.30 болж байв. Намуун яаралгүй галын өрөө орж ус буцалгагчаа залган, 2 ширхэг өндөг буцалгахаар тавилаа.

Намуун унтлагын өрөөгөөр орж үсний боолтоо хайнгаа Ирмүүний унтаж байгаа нь нүдний нь үзүүрт харагдсанд өөрийн эрхгүй түүнийг зүг харж нэг хэсэгтээ зогсов. “Тийм ээ, сэтгэлд нэг л тайван. Тэр минь ингээд хажууд минь байгаа гэж бодохоос өөрийгөө чимхэн сэрээмээр амттай зүүд шиг санагдана. Гэхдээ энэ зүүд биш. Тэр минь тайван унтаж байна.” гэх бодол Намууны толгойд эргэлдэнэ. Ирмүүн нэг гараа Намууны дэрэн доор хийж хөлөө хагас нугалан доош харсан тэр л байдал нь тун амгалан. Хэзээ ч урьд нь Намууныг орхиж явж байгаагүй юм шиг, өнгөрсөн 4 сар хий хоосон хар дарсан зүүд, бодол байсан мэт.

Намуун санаа алдсанаа угаалгын өрөө уруу явлаа. Хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах зуур яагаад ч юм тэр өнгөрсөн хар муухай зүүд нүдний нь өмнүүр кино шиг л жирэлзэн өнгөрнө. Хэдхэн сарын өмнө Ирмүүний хаалга саваад гарч одсоныг, олон өдөр түүнийг санагалзан, ирэх болов үү гэж нүдээ бүлтэртэл уйлж байснаа Намуун санахад өөрийн эрхгүй цээж нь хөндүүрлэнэ. Тэрхэн агшинд дотор нь нэг л юм оволзож, халуун нулимс нь дөнгөж сая угааж дууссан хацар дээгүүр нь бөмбөрөн урсаж уруул дээр нь ирж тогтоход хир гашуун байдгийг нь санах гэсэн шиг хэлээрээ амталж үзлээ. “Тийм ээ, цөхрөл гунигийнх болохоор ийм л гашуун байдаг даа” гэж Намуун өөртөө сануулна. Сэтгэлийг нь хаттал хүлээлгэж, орхиж явсан Ирмүүн ингээд л нэг өдөр ороод ирнэ чинээ санаагүй Намуун барьц алдсан нь үнэн. Баярлах, тунирхах, гомдох бүх зүйл зэрэгцээд тэр Ирмүүнд олигтойхон ч юм хэлж чадалгүй урьд шөнийн жаргалдаа мансууран унтсан. Харин одоо өглөө сэрэхэд өнгөрсөн явдал тун тод санагдаж, нөгөө л нэг гомдлын харуусал дахин түүний цээжийг өвтгөнө.

“Ирмүүн яагаад буцаад ирэв? Үнэхээр намайг санасан болов уу?” гэх мэт түм буман асуулт хөөрхий Намууны гүйцэд сэрээгүй тархийг бөмбөгдөж байв. Урьд шөнө түүнийг энхрийлж хайрлаж байсан нь урьдынхаасаа ердөө ч өөрчлөгдөөгүй санагдана. “Надад хайртай, надгүйгээр байж чадахгүй гэдгээ ухаараад ирсэн байх” гэсэн бодлоор бүх л асуултад хариулт өгөх гэж Намуун хичээн угаалгын өрөөний жижиг сандал дээр нэлээдгүй суулаа. Гэнэт цаг өнгөрч байгааг санан, сандран босож, галын өрөөнд буцалгаж орхисон өндгөө унтрааж, хүйтэн усанд сойхоор ус гоожуулан орхилоо. Урсгал усыг харан дахиад л бодолдоо дарагдан гөлрөн зогсоно. “Дахиад намайг орхиод явчихгүй байгаа” гэсэн хар, айдас түүний бодол дундуур шургална. Дахин шаналахыг тэвчиж чадахгүйгээ мэдэн Намуун энэ л асуултад хариу өгөхөөс, өөрийгөө хуурахаас айна. Айдаст бодлоосоо тур ч атугай салахыг хичээн цаг уруу харлаа. 8.00 цаг болсон байв. Ажилдаа явах цаг нь тун дөхсөнд сандран, гоожуулж байсан хүйтэн усаа унтраав. Өөртөө халуун цай аягалан, чанасан өндөгнийхөө нэгийг арилган жижиг тавган дээр тавьж ширээнд суулаа. Ширээний давс хаачсаныг ирж хайнгаа хөргөгчийн хаалган дээр наасан Ирмүүн Намуун хоёрын авахуулсан 3 жилийн өмнөх зураг нүдэнд нь торлоо. Тэр үед танилцаад удаагүй, халуухан байсан үе. Ирмүүн Намууны гарыг атгачхаад тавьдаггүй, байнга үнсэн, тэвэрч байдаг тийм л үе байсан.

Дахиад л бодол нь тасалдан орчиндоо эргэн ирж цагны цохилохоос өөр чимээгүйд цайгаа уун сууна. “Ирмүүн чанасан өндгөнд мөн ч нугасгүй шүү” гэж бодогдоход инээмсэглэл түүний нүүрэнд тодров. Түүнийхээ төлөө бүхнийг зориулж чадах сэтгэл нь Намуунд дулаахан мэдрэмж төрүүлнэ.

Чимээ гаргахгүйг хичээн хувцсаа өмсөх зуураа Ирмүүнийг дахин дахин хархад сэтгэлд нь нэг л сайхан. Нүүрээ будаж янзлан тольдох зуураа “Ирмүүнээ, хайр нь ажилдаа явлаа. Чи босох уу?” гэж асуусанд Ирмүүн нойрмоглон “За за, хайр нь бослоо” гэх нь өнгөрсөн өдрүүдийн хар дурсамжийг улам бүдгэрүүлнэ.

0 санал:

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;