Tuesday, August 11, 2009

Гар утасны дугаар ба зиндаа

Tuesday, August 11, 2009
Анх 1996 оноос хойш Монголчууд гар утастай танилцаж эхэлсэн түүхтэй. Тэр үедээ ОК барааны савангаас том хар Моторолла барьсан хүмүүс, тэр нь их л чамин, содон гоё харагддаг, битүүхэндээ тэр хүмүүст атаархдаг байж билээ. "Би том болоод гар утастай, машинтай, гоё эгч болно" гэж мөрөөдөөд л хэ хэ. Би ч гэсэн жоохон, хөөрхөн байж. Одоогийн үеийн залуус бас л ингэж бодож, мөрөөдөж явсан. Ихэнх нь энэ мөрөөдлөө биелүүлчихсэн, тэр үеийнхээс хамаагүй авсаархан, үйлдэл ихтэй, гоё гар утастай, машинтай болцгоожээ. Одоо 2.7 сая хүн амтай манай улсын 50% нь гар утас хэрэглэдэг гэсэн статистик байдаг.
Гар утас манай улсад орж ирэхдээ л анхнаасаа зиндаа заасан, гангараа байсан. Даруй 13 жил өнгөрсөн ч гэлээ тэр зангаа тавихгүй хэвээр л. Үнэтэй, чамин утас, Мобикомын 9911-тэй дугаар барих нь харсан хараагүй хэн бүхэнд өөрийн чинь зиндаа, эд баялаг, албан тушаалыг илтгээд байдаг гаж жишиг тогтоод удчихаж. Гадаадын ямар ч улсад гар утасны дугаараар моодлоно, зиндаархана гэж байдаггүй. Хамгийн өөрийн хэрэглээнд тохиромжтой, үнэ багатай, чанартайг сонгодог. Харин үйлчилгээний байгууллагууд цээжилхэд амархан суурин утасны дугаарыг л булаацалддаг байх.
Монголд бол байдал эсрэгээрээ, гар утас хувь хүмүүст амь амьдралыг нь зааварчилдаг болоо юу даа. Төгсгөл нь адилхан дугаар эхнэр, нөхөр, хүүхэд барьдаг гэнэ. 9911-тэй бол мундаг баян, компанийн захирал, эсвэл том тушаалтан байна гэнэ. Дараа төлбөрт дугаартай хүн бүр баян байх ёстой гэнэ. Нэг компанийг хэт шүтэн биширсэн, дугаараас хамааралтай болох нь дэндүү өрөвдөлтэй гэмээр.
Үнэнээ хэлэхэд би 9911-тэй дугаар барьдаг. Тэглээ гээд би хүнээ байгаад авилгал авдаг том төрийн түшээ биш, компанийн захирал биш, нэгэн компанийн менежер ажилтай, цалингаас цалин хүрдэг жирийн нэгэн. Гэхдээ л бусад хүмүүсийн жишгээс болоод утасныхаа дугаарыг хүн болгонд зарлаад байж болдоггүй. Нэг л их баян хүн гэж ойлгоод таньдаг таньдаггүй хүмүүс утастаад мөнгө шаналгах гэдэг гээд боддоо. Бас байн байн урьдчилсан төлбөрт дугааруудаас дохино, танилцья гэсэн мессеж ирнэ. Би эхлээд мэдэхгүй буцааж залгаад байсан, дандаа жоохон охид эсвэл хүүхнүүд утсаа авчхаад таслаад байдаг байсан юм. Би гайхаад байсан, манай нэг найз нүдийг минь нээж өгсөн л дөө. "Тэнэг минь ээ, наад 9911-тэй дугаарыг чинь боссууд, ялангуяа эрэгтэй боссууд барьдаг болохоор жоохон охид бие үнэлэх санаатай, тоогдочих гээд утастаж, мессеж бичдэг байхгүй юу даа" гэдийм даа. Инээх ч хэцүү, уйлах ч хэцүү. Жоохон охидыг нь бодохоор уур ч хүрэх шиг, өрөвдмөөр ч юм шиг. За ингээд ганцхан утасны дугаараас болж зөндөө юм болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.
Гар утасны дугаараар тэр хүн суурь хураамжаа төлөх боломжтой юм байна даа гэж хэлж болохоос биш, сайн хүн, муу хүн, баян хоосон, том албан тушаалтан, ажилтан гэж ялгах, жиших боломжгүй л баймаар юм. Дэндүү өрөөсгөл ойлголттой байх юмаа хүмүүс.
Дугаараа зарах уу гэж бас их утастана. Үгүй гэхээр хэдэн сарын дараа дахиад, зарчих л даа гээд дахиж утасдана. 9911-тэй дугаарын үнэ тэнгэрт хадсан юм гэнэ лээ, хамгийн багадаа 1,500 ам.доллар. Хов жив сонсохнээ зарим дугаар 5,000 ам.доллар хүрч байсан гэнэ. Машины үнэтэй дугаар гэж бас байх л юм даа гэж.
Бусад улсуудтай адил утасны дугаараас ямар компанийн дугаар, урьдчилсан эсвэл дараа төлбөрт гэдэг нь мэдэгддэггүй болчихвол энэ зиндаархал, гаж үзэгдэл байхгүй болно. Харин тэр хүртэл зөндөө зай бий.

1 санал:

Anonymous said...

Hello, I new yours frient on this forum)

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;