Tuesday, March 31, 2009
Гутранги бодол
Заавал ингэж нэрлэх хэрэгтэй гэж үү
Хайр дурлал гэхээс уур хүрж байна
Хоосон юмыг нэрлэх ёстой юм уу
Харж, барьж амталж болохгүй зүйлд
Худал нэр зүүх хэрэггүй биш үү
Үзэн ядаж байна би энэ төөрөгдөлийг
Уйдаж байна би энэ бүх худал хуурмагаас
Гуйлгачин шиг хүнээс сэтгэл гуйгаад
Ядуу юм шиг гуниж гутраад
Хайраар дүүрэн зүрхээрээ баярлаад
Харин би баян хүн шиг байх ёстой биш үү
Ойлгох юм алга болжээ
Ойр зуурханыг л эргэх болжээ
Сохор хүн шиг л би тэмтэчээд
Саруулхан шөнө ч юм харахаа больжээ
Хоёр нүд, хоёр чихэндээ итгэхгүй
Ганцхан зүрхэндээ найдаад
Мөрөөдөлдөө умбаж яваа би
Хэзээ л нэг бүдрэн сөгдөж
Харууслын далайд живэх бол
Тэр цагт би өөрийгээ зүхэж
Тэнэгтээ гайхаж хоцроно
Урагшаа нисэж байсан хүсэл минь
Ургаа мод шиг хөшиж орхино
Тэглээ ч гэлээ амьдрал зогсохгүй
Ташуурдсаар л намайг аваад одно
Гаднаа инээж баясаж л амьдрана
Дотроо хөшиж үхэжээд унтарсан байна
Дулаацуулж гэрэлтүүлэх нараа би
Дахиад хайж эхлэх болно
Харин ахин үхэхгүй гэх баталгааг
Хайр сэтгэлдээ би өгч чадахгүй
Урсан хөврөх он жилүүдийн уртад
Унтарж асасаар л миний зүрх сэтгэл
Уйтгарт амьдралийг туулах байх
Үхэх цагт харин намайг
Үлгэрийн юм шиг байлаа гэж
Магтах болов уу сэтгэл минь
Үхлүүт явсаар байгаад
Үхлээ дээ гэж гашуудах болов уу хайр минь
Sunday, March 29, 2009
Чамд өгөх бодрол
Хэн нэгнийг гомдоочихоод
Тарчлан шаналах хэрэггүй ээ
Тааж зөгнөөгүй эргэлтийг бодож
Тайвширж харин уйл
Давс амтагдсан нулимстай чинь
Харуусал бүр чинь гараг
Дахиж харин алдалгүйгээр
Хайрт түүнтэйгээ учираг
Сэтгэл зүрх үхдэггүй юм
Санаандгүй байтал харин
Сайхан хайртай учирдаг юм
Сааталгүй харин тэр үе хүртэл
Санаандаа багтаагаад хүлээгээрэй
Ганцхан өгөх хайраа чи
Нандигнан хадгал даа түүндээ
Гашуудах зүйлгүйгээр чи
Нартын жаргалыг өг дөө хайртдаа
Tuesday, March 17, 2009
Яаж зүгээр байхав...
УИХ-ын гишүүд ч гэсэн их хөөрхөн, хэдэн санхүү, эдийн засгийн үг хэллэг цээжилчихсэн, тэрийгээ сэтгүүлчдэд тоть шиг давтаад л... Үнэхээр санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн нь тэдэн дотроо хэд билээ. Эвий эвий, миний эх орон, ард түмэн, төрийн тэргүүн, УИХ минь.
Замбараагүй хэтэрчихсэн төсвөө тодотгох гэж хөгийн санаанууд оруулж ирнэ. Өөрсдийнхөө цалинг 30-40% бууруулчих гэхээр өргөгддөггүй гар нь бусад хүмүүсийг хална, татвар төлөөсийг нэмэгдүүлнэ, жирийн ард иргэдийн ар нуруун дээрх ачааг нэмэгдүүлэх болохоор дуртай нь аргагүй өргөгддөгийг юу ч гэхэв. За тэгээд хямрал гэдгийг далимдуулж хэдэн бор цаас илүү “идэх” гэсэн улс төрчдийн нүд гялалзаад, шүлс нь асгараад, үнэн инээдтэй. Хоёр толгойн гэрээ гээд л өдөр шөнөгүй маргаад зөвшилцлийг эс олов гээч болох.
Үнэнээ хэлэхэд зарим үед ийм нийгэмд, ийм төрөөр удирдуулаад, ангайгаад явах ч гэж дээ гэж гутрах үе байдаг л юм. Нэгэн монгол хүн болж төрснийх, ёстой л нөгөө тэнэг монгол зангаараа “зурсан зураг нь энэ юм байлгүй дээ” гэж ирээд л нэг их санаа алдан сууна.
Sunday, March 1, 2009
Галзуурахад ганц хуруу
Төрлөө, сургууль дүүргэлээ, ажилд орлоо, хүнтэй гэрлэлээ, хүүхэдтэй боллоо, хүн нас барлаа, амжилтанд хүрлээ... эдгээр нь бол хүний амьдралд болдог сэтгэл хөдлөлүүдийн голч, байх ёстой л үйл явдлууд. Харин эдгээр дээр нэмж хачирлахыг хүн өөрөө л хийхгүй бол аяандаа болно доо гээд хүлээгээд байвал, хүлээсээр байгаад л үхэх байх. Тэгхээр хэдийн би өөрөө дандаа тэгж чаддаггүй ч бусад залуусдаа уриалж байна. Нэг ч гэсэн өдрийг уур уцааргүй, инээд хөөртэй, баяр баясалтай, хайр дурлалаар дүүрэн өнгрөөгөөч ээ гэж. Тэгхээр л шоудана гэж битгий буруу ойлгоорой. Найз нөхөдтэйгөө салхинд гарах, юрьж суух, хэн нэгэн нь ядарч яваа бол тав таван мянгыг цуглуулаад нэг удаад өгчих л дөө. Их мөнгө биш ч гэлээ, хүний сэтгэл шүү дээ. Хайртай залуу, бүсгүйтэйгээ нэг гараад гараа бариад алха. Чиний бодоогүй, хүлээж байгаагүй сайхан сэтгэгдэл, мэдрэмж тэрнээс, хамгийн энгийн юмнаас л төрнө шүү дээ. Бие биенээ хайрлаа гэж хэ хэ :)