Monday, June 29, 2009

Бас л би...

Monday, June 29, 2009
Ойрын үед өөрийнхөө тухай бичээгүй санагдчихлаа. Ойрын үед яаж байгаагаа илтгэхээс хэ хэ.
Ойрын хэдэн сар тайван байгаа, уурлаж уцаарладаг нь арай гайгүй болсон юм уу даа. Найз нөхөд 1, 2 нэмэгдсэн, хир сайн, хир удаан ханилах найзууд гэдгийг хэлж мэдэхгүй, цаг хугацаа харуулна биз ээ. Жоохон идэвхтэй амьдрал өрнүүлэхийг хичээж байгаа, гэр ажил гэсэн зөрөг замаасаа хааяа нэг хазайх ч бас сайхан шүү. Бяцхан охин шиг аяглаж хэн нэгэнд эрхлэх ч бас сайхан.
Манайх зуслан гарсан нэртэй, ирж очиж хамаг бензинээ үрчих юм. Би болж л өгвөл хотод байх сонирхолтой, учир нь зуслан дээр агаар сайхан ч гэлээ хийх юм тун ховор, хоол идсээр байтал таардаг юм. Тэгэхээр ер нь бол 1-ээс дээш хонох шал дэмий, харин хүүхдэд бол агаар зүгээр болов уу.
За ажлын хувьд өдөр тутмын ажилдаа дарагдаад, бүүдгэр л байгаа. Хонгилын үзүүрт гэрэл гараад ч байгаа юм шиг , үгүй ч юм шиг. Өглөө сэрхээр унтсан ч юм шиг үгүй ч юм шиг. Жүжигчин Хүрлээгийн хошигнол шиг л юм болж байна даа хэ хэ.
Хувийн амьдрал олон өнгөтэй байгаа. Улаан, ногоон, саарал, хар, бор, цагаан гээд л. Тэгэхээр сонирхолтой байгаагийн шинж байхдаа тийм ээ :)
За ерөнхийдөө надаар сонин сайхан гэвэл ийм байна.

Яахуу Мейл ажиллахгүй байна гэнэ үү

Хөөх! Ийм олон жил Яахуу мейл хэрэглэж байхдаа анх удаа ингэж ажиллахгүй байгааг нь харж байна. Том компани ч гэсэн бас мярах үе байдаг л юм байна. Сонин юм даа гэж...

Friday, June 26, 2009

Оддын дайн гэдэг шиг оддын үхэл

Friday, June 26, 2009
Өглөө ажилдаа орж иртэл Майкл Жексон нас барсан гэнэ, бас жүжигчин Б.Дамчаа гуай бурхан болж гэнэ гээд л оддын үхлээр дүүрэн мэдээлэл сонсов. Аймар юм.

Майкл бол мэдээж дэлхийн хэмжээний од, Попын Хаан гэгддэг, үнэхээр авьяастай, хөдөлмөрч хүн байсан. Байнга шуугиан дэгдээж, тэрүүгээрээ ч олон жил уран бүтээл туурвиагүй ч гэлээ, нэр хүнд нь өссөөр л байсан. Энэ нь түүний бас нэгэн маркетингийн бодлого нь байсан юм болов уу даа. Энэ 7 сард дэлхийн тойрон аялал, сүүлийн тоглолтоо хийнэ гэж төлөвлөж байсан Хаан маань харамсалтай нь энэ хүслээ гүйцээж чадалгүй бурхан болж дээ. Манай ажлынхан 15 жилийнхээ ойгоор Майклын Heal the World дууг нь найрал болж дуулж байсан нь саяхан. Харамсалтай!



2-3 долоо хоногийн өмнө намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Дамчаа гуай бас хэвтэн эмчлүүлж байсан юм. Эмнэлгийн хашаан дотуур өглөө 7 өнгөрөөгөөд алхаж байдагсан. Хархад цаанаа л нэг буурь суурьтай, сайхан хүн, сайн жүжигчин, сайхан хань. Олон жил Монголын урлагт зүтгэчхээд, Биокомбинат гэгддэг газар зутруухан амьдарч гэлээ, өвөл өнтэй байна гээд сууж байдаг, төрөөс одон медаль, мөнгө төгрөг гуйгаагүй, хараагүй, чин зоригт нэгэн. Энэ хүний хажууд юу ч хийгээгүй байж гавьяат авч байгаа дуучин, жүжигчид ичиж үхээсэй! Ийм ч юм нь болохгүй байна гэж хангалуун байгаа хирнээ гомдоллох бид нар ичээсэй! Энэ агуу хүний бүтээл, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, өин зориг бидний дунд үлдэж хүссэн бүхнийг н гүйцэлдүүлээсэй гэж хүсэх юм. Ум маани мад ми хум!

Wednesday, June 24, 2009

Монголчуудын мэдрэмж

Wednesday, June 24, 2009
Дэлхий даяараа гахайн ханиад (swine flu) хэмээх тахал гэж нэрлэгдэж эхэлсэн өвчний эсрэг тэмцэж, улс орондоо оруулахгүй, түгээхгүй талаар бүхий л арга хэмжээ авч, иргэддээ анхааруулж, хил гаалиар зорчин явах зорчигчдыг хязгаарлах, хянах үйлдлүүд авагдаж байхад манайд хааяа нэг 1, 2 хүнийг ХӨҮСТ-д хөл хорилоо гэхээс өөрөөр нэг сүйдтэй анхааруулга хийхгүй байгаа ч юм шиг. Монголчууд ийм гүндүүгүй хэвээр, мэдрэмжгүй байх юм уу? Ороод ирчихсэн хойно нь угаасаа хэтэрсэн байгаа төсвөөсөө хэдэн төгрөг гаргаж бөөн амны хаалт тарааж байна гэж гурилдаг өгөх байх даа. Яаж овоо зун болж хүүхэд оюутны хичээл амарсан юм. Гэхдээ л удахгүй намар болно, хүмүүсийн бөөгнөрөл дахиад эхэлнэ, тэр үед харин яах бол? Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 100 гаран оронд, нийт 55,867 хүн энэ өвчнөөр өвчилж, 238 хүн нас барсан байдалтай байна. Манай хөрш Хятад улсад 906, ОХУ-д 9 хүн тус тус энэхүү ханиадаар өвчилсөн болох нь тогтоогдсон. АНУ-ийн нэгэн компани энэхүү ханиадны эсрэг вакцин гаргаж байгаа сурагтай ч тэр нь манай улсад иртэл мөн ч олон сар болох байх даа. SARS гэж гарч байсан үеийнх шиг бөөн цагаан амны хаалтууд болох вий дээ айх юм. Тахлын хэмжээний өвчин гарчхаад байхад бид ингээд мэдрэмжгүй царайлаад байх уу, ард түмээн?


 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;