Friday, December 25, 2009

Баярын Мэнд!

Friday, December 25, 2009




Sunday, December 20, 2009

Амьд явахад 3 жил?

Sunday, December 20, 2009
Танд амьд явахад 3 жил үлдсэн гэж хэн нэгэн хэлбэл та итгэх болов уу? Мэдээж хэн, ямар нөхцөлд, яаж хэлснээс итгэх үгүй нь шалтгаална л даа. Гэхдээ дэлхий дахинаар яригдаж буй, олон кино, зохиол болоод байгаа тэр гайт зүйлс 2012 он болох үгүйд та итгэж байна уу?

Итгэсэн ч үгүй ч 2012 оны 12 сарын 21 хүртэл яг 3 жил үлдлээ. Итгэж үлдсэн хэдэн жилээ сайн сайхан өнгөрүүлэхэд анхаарах ёстой юу, эсвэл худлаа даа гэж түүнээс цаашихыг харан бүх зүйлээ зохицуулан амьдрах уу? Зарим хүмүүс юу гэж дэлхий сөнөх юм болох вэ дээ гэх юм. Зарим нь томоохон хэмжээний сүйрэл болохгүй ч гэлээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна гэх юм. Миний бодлоор бол шууд сүйрчихгүй ч гэлээ, өөрчлөлтүүд гарна. Харин хир их гэдэг нууц хэвээр.

Монголчууд бие биенээсээ сонссон үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр шуугих их дуртай. Саяхан зун шүү дээ, УБ-т томоохон хэмжээний газар хөдөлнө гэж байсан нь худлаа болж таарсан. Зөвхөн Монголчууд л хүн төрөлхтний төгсгөл ирж байна гэж цуурч байвал итгэхгүй өнгөрөхөд буруудаад байх юмгүй. Гэтэл хаа сайгүй л 2012 гэдэг тоогоор цуурч байдаг. Миний мэдэхийн энэ тухай дөрвөн томоохон хэмжээний кино хийгдсэн. “Doomsday: 2012,” “Nostradamus 2012,” (баримтат) “Day After Tomorrow,” хамгийн сүүлд “2012” кино дэлгэцнээ гарч сүүлийн үеийн компьютер графикаар олныг алмайруулсан кино болжээ. Мэдээж Голливуд энэ хүмүүсийн хийрхлээр хөөрхөн мөнгө олчхоо мэдсэн болоод энэхүү олон киног хийсэн, түүнийг нь хүмүүс нүдээ бүлтийлгэн үзсээр байгаа. Гэхдээ л... Хэрвээ үнэн бол яах уу гэдэг бодол тархины тэртээ хойно байгаад л, чимээгүй аваарын гэрэл ассан юм шиг анивчаад байгаа л юм даа.

Tuesday, December 15, 2009

НАМУУН (2-р хэсэг)

Tuesday, December 15, 2009
Намуун ажилдаа яаран явахдаа сэтгэл нь уужирч цээжин дэх хүнд ачаа хаягдсан мэт бие нь хөнгөрч гүйх шахам алхана. Өдөржин ажил дуусах цагийг тэсэн ядан хүлээж, хайртай хүн уруугаа тэмүүлэн оргилох сэтгэл нь байн байн цаг уруу хялам хялам хийхэд хүргэн, ажиллах ямар ч хүсэлгүй болгож байлаа. Арай ядан 18 цаг болоход Намуун компьютераа унтраан ширээн дээрх зарим зүйлсээ эмхлэн гарах гэж байхад нь өрөөнийх нь үүдэнд нэгэн бор, дунд зэргийн нуруутай бүсгүй зогсож байхыг харлаа. “Хэнтэй уулзах гэж байгаа юм болдоо” гэж хэнэггүйхэн бодон гадуур хувцсаа өмсөн бүсгүйн хажуугаар гарах гэтэл “Уучлаарай, та Намуун мөн үү” гэв. Намуун нэлээд гайхан тэр бүсгүйг сайн ажиглан харав. Танихгүй бүсгүй. “Тийм ээ, би Намуун байна. Та хаанаас явна?” гэхэд бор бүсгүйн нүд нь дальдчин байж “Би тантай Ирмүүний талаар уулзаж гэсэн юм аа” гэв.

Доош харан түүний өөдөөс харахаас айн зогсох энэ бүсгүй Ирмүүнтэй ямар холбоотой бол гэж Намуун таамаглаж байх зуур өөрийн эрхгүй хар нөмрөг өөрийг нь бүрхээд авах шиг санагдав. Ажлынхнаасаа санаа зовж, “Хоёулаа ийшээ гаръя” гэж Намуун зөөлхөн хэллээ. Тэр нэг л мууг ёрыг зөгнөж зүрх нь хүчтэй цохилон, амьсгаа нь давчдан алхана. Ажлынх нь хажууханд байх нэгэн буйдхан кафед орж өөдөөс нь харан суух нөгөө бүсгүйг сайн ажлаа. Даруухан, будаг шунх бараг түрхээгүй, Намуунаас нэлээн хэд дүү болов уу гэмээр нүдэнд дулаахан бүсгүй байв. “Ирмүүн танд хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Гэхдээ та намайг зөвөөр ойлгоорой. Би Ирмүүний хүүхдийг тээж байгаа. Одоо 4 сартай.” гэж хэлэхэд нь Намууны дотор муухайрч, нүд нь харанхуйлаад ирэв. Намуун “Юу гэнэ ээ?” гэж арайхийн ам нээлээ. “Танд тэгвэл хэлээгүй юм байна л даа. Ирмүүн бид хоёр найзлаад жил болж байгаа. 4 сарын өмнө танаас салаад манайд ирсэн юм. Тэгсэн хэд хоногийн өмнө бид 2 муудалцаад, тэр яваад өгсөн. Гар утас нь хаалттай. Би гэр уруу нь залгахлаар байхгүй гээд. Би танайд очсон юм байна гэж яагаад ч юм зөнгөөрөө мэдэрсэн. Та хоёр хүүхэдгүй. Харин бид хоёрыг холбох цусан холбоотой болсон. Та үүнийг зөвөөр ойлгох болов үү гээд би тантай уулзахаар ирлээ” гэж намуухан хэлэх бүсгүйг харж суух Намууны нүдэнд үзэн ядалт тодорно. “Ирмүүн бид хоёр хир удаж байгааг чи мэдэх үү? Чамайг хаяад над дээр ирсэн. Чи албатай юм шиг жирэмсэн болчхоод одоо надаас юу хүсээд байгаа юм бэ?” гэж Намуун уур хилэнгээр дүүрэн харцаар бүсгүйг ташуурдан орилох шахам хэллээ. Намууны дотор гал шатна. Ирмүүнд гомдох, энэ бүсгүйд уурлах аль аль нь хослон яах учраа үл олно. Нөгөөх бүсгүй чимээгүй толгой гудайлган, хий л цүнхнийхээ оосрыг имрэн сууна. Намуун “Чамтай яриад байх юм алга” гээд гүйх шахам гарлаа.

Гадаа цас будран орж байв. Гудамжны гэрэлд гялтганах цасыг харан зогсохдоо хүйтэн мэдрэх сөхөөгүй болчихсон, хүрэмнийх нь энгэр нь задгай хий л амьсгаадан зогсох Намууныг харсан хэн ч айхаар байлаа. Дахиад л өнөөх хөндүүр цээжинд нь мэдрэгдэж, дахиад л өнөөх гашуун нулимсууд хацар даган бөмбөрнө. “Яасан өөдгүй амьтан бэ! Намайг өчнөөн удаан хуурч мэхэлж байсан байна шүү дээ. Тэгээд намайг хаяж эднийдээ оччихоод муудалцхаараа над дээр ирж” гэх томоос том давлагаа мэт бодлууд түүний толгойд давлагаалан, хуй салхинд өртсөн далай мэт булгилна. Намуун нулимсаа ороолтынхоо үзүүрээр арчаад, хүрмээ товчлон гэрийн зүг алхлаа.

Цагийн өмнө булгилан тэмүүлж байсан зүрх, гүйх шахам харихаар зэхэж байсан сэтгэл аль хэдийнээ унтарчээ. Одоо Намуун удаан бодлогошрон алхана. Тэр түүндээ дэндүү их хайртай, гэхдээ Ирмүүн түүнийг ингэж хуурна, ийм байдалд оруулна гэж төсөөлөөгүй явсан сан. Ирмүүнийг хаалга хаян гарч одсон мөчөөс эхлэн Намуун өөрийгөө буруутган байж түүнийгээ сэтгэлдээ өөрөө өөрөөсөө өмөөрч байсан сан. Үнэн хэрэгтээ тэр түүгээр тоглосон болж таарлаа. “Гэрийнхээ үүдээр орохдоо Ирмүүний нүүрийг яаж харах вэ? Би яах ёстой юм бол оо? Би түүнд юу гэж хэлэх вэ?” Намуунд энэ олон асуултад хариу олдохгүй дэмий л хий бухимдана.

Алхсаар гэрийнхээ гадаа ирсэн байлаа. Цонхнууд нь гэрэлгүй харагдана. “Маргааш орой хоёулаа гоё хоол хийж иднэ тээ” гэж инээмсэглэн хэлэх Ирмүүний төрх санагдана. “Тэр алга. Хаачсан юм бол? Ойрхон дэлгүүр гарсан юм болов уу?” гэх асуултууд түүний итгэл найдварын сүүлчийн зурвасууд байлаа. Яаран гэртээ орлоо. Ирмүүн алга. Гар утас уруу нь залгахад унтраасан байлаа. Намууны зүрхэнд хурсан цөхрөл түүнд үлдсэн жоохон горьдлогыг нь таслан авч одов. Амьдралд, хайртай хүндээ бүхнээс илүүтэйгээр гоморхох Намуун хүрэмтэйгээ зөөлөн орон дээрээ хэвтлээ. Гадаа харанхуй. Хажуугаар өнгөрөх машины гэрэл л гэрийн цонхоор орж ирэх үед өрөөг бага зэрэг гэрэлтүүлнэ. Гэнэт Намууны гарт дэрнийх нь ойролцоо нэг цаас баригдав. Сандран босож гэрлээ асаан цаасыг харав. “Намуунаа, намайгаа уучлаарай. Би чамдаа тайлбарлахад дэндүү хэцүү, хүнд байдалд орчихсон. Чамайгаа гомдооё гэж бодоогүй юм шүү. Чи минь хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн бүсгүй шүү. Намайгаа уучлаарай! Би дахиж ирэхгүй” гэсэн Ирмүүний бичгийн хэв бүхий зурвас байлаа.

Sunday, December 13, 2009

НАМУУН (1-р хэсэг)

Sunday, December 13, 2009
Намууныг өглөө сэрэхэд нартай өглөө угтлаа. Шөнө бүгчим хоносон тул салхивчаа нээж шинэ өглөөний цэнгэг агаар оруулангаа Намуун цонхны шил дээрх үлгэрийн гэмээр хээ угалзыг харан хэдэн хором зогсов. Цантсан цонхны цаана хүүхдүүд сургуульдаа, бяцхан үрсээ зарим нь хөтлөн, зарим нь тэврэн цэцэрлэг уруу нь яаран алхлах эцэг эхчүүдийн хөл дор чахран дуугарах цасны дуу сонсогдоно. Ханан дээрх цаг уруу хархад 7.30 болж байв. Намуун яаралгүй галын өрөө орж ус буцалгагчаа залган, 2 ширхэг өндөг буцалгахаар тавилаа.

Намуун унтлагын өрөөгөөр орж үсний боолтоо хайнгаа Ирмүүний унтаж байгаа нь нүдний нь үзүүрт харагдсанд өөрийн эрхгүй түүнийг зүг харж нэг хэсэгтээ зогсов. “Тийм ээ, сэтгэлд нэг л тайван. Тэр минь ингээд хажууд минь байгаа гэж бодохоос өөрийгөө чимхэн сэрээмээр амттай зүүд шиг санагдана. Гэхдээ энэ зүүд биш. Тэр минь тайван унтаж байна.” гэх бодол Намууны толгойд эргэлдэнэ. Ирмүүн нэг гараа Намууны дэрэн доор хийж хөлөө хагас нугалан доош харсан тэр л байдал нь тун амгалан. Хэзээ ч урьд нь Намууныг орхиж явж байгаагүй юм шиг, өнгөрсөн 4 сар хий хоосон хар дарсан зүүд, бодол байсан мэт.

Намуун санаа алдсанаа угаалгын өрөө уруу явлаа. Хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах зуур яагаад ч юм тэр өнгөрсөн хар муухай зүүд нүдний нь өмнүүр кино шиг л жирэлзэн өнгөрнө. Хэдхэн сарын өмнө Ирмүүний хаалга саваад гарч одсоныг, олон өдөр түүнийг санагалзан, ирэх болов үү гэж нүдээ бүлтэртэл уйлж байснаа Намуун санахад өөрийн эрхгүй цээж нь хөндүүрлэнэ. Тэрхэн агшинд дотор нь нэг л юм оволзож, халуун нулимс нь дөнгөж сая угааж дууссан хацар дээгүүр нь бөмбөрөн урсаж уруул дээр нь ирж тогтоход хир гашуун байдгийг нь санах гэсэн шиг хэлээрээ амталж үзлээ. “Тийм ээ, цөхрөл гунигийнх болохоор ийм л гашуун байдаг даа” гэж Намуун өөртөө сануулна. Сэтгэлийг нь хаттал хүлээлгэж, орхиж явсан Ирмүүн ингээд л нэг өдөр ороод ирнэ чинээ санаагүй Намуун барьц алдсан нь үнэн. Баярлах, тунирхах, гомдох бүх зүйл зэрэгцээд тэр Ирмүүнд олигтойхон ч юм хэлж чадалгүй урьд шөнийн жаргалдаа мансууран унтсан. Харин одоо өглөө сэрэхэд өнгөрсөн явдал тун тод санагдаж, нөгөө л нэг гомдлын харуусал дахин түүний цээжийг өвтгөнө.

“Ирмүүн яагаад буцаад ирэв? Үнэхээр намайг санасан болов уу?” гэх мэт түм буман асуулт хөөрхий Намууны гүйцэд сэрээгүй тархийг бөмбөгдөж байв. Урьд шөнө түүнийг энхрийлж хайрлаж байсан нь урьдынхаасаа ердөө ч өөрчлөгдөөгүй санагдана. “Надад хайртай, надгүйгээр байж чадахгүй гэдгээ ухаараад ирсэн байх” гэсэн бодлоор бүх л асуултад хариулт өгөх гэж Намуун хичээн угаалгын өрөөний жижиг сандал дээр нэлээдгүй суулаа. Гэнэт цаг өнгөрч байгааг санан, сандран босож, галын өрөөнд буцалгаж орхисон өндгөө унтрааж, хүйтэн усанд сойхоор ус гоожуулан орхилоо. Урсгал усыг харан дахиад л бодолдоо дарагдан гөлрөн зогсоно. “Дахиад намайг орхиод явчихгүй байгаа” гэсэн хар, айдас түүний бодол дундуур шургална. Дахин шаналахыг тэвчиж чадахгүйгээ мэдэн Намуун энэ л асуултад хариу өгөхөөс, өөрийгөө хуурахаас айна. Айдаст бодлоосоо тур ч атугай салахыг хичээн цаг уруу харлаа. 8.00 цаг болсон байв. Ажилдаа явах цаг нь тун дөхсөнд сандран, гоожуулж байсан хүйтэн усаа унтраав. Өөртөө халуун цай аягалан, чанасан өндөгнийхөө нэгийг арилган жижиг тавган дээр тавьж ширээнд суулаа. Ширээний давс хаачсаныг ирж хайнгаа хөргөгчийн хаалган дээр наасан Ирмүүн Намуун хоёрын авахуулсан 3 жилийн өмнөх зураг нүдэнд нь торлоо. Тэр үед танилцаад удаагүй, халуухан байсан үе. Ирмүүн Намууны гарыг атгачхаад тавьдаггүй, байнга үнсэн, тэвэрч байдаг тийм л үе байсан.

Дахиад л бодол нь тасалдан орчиндоо эргэн ирж цагны цохилохоос өөр чимээгүйд цайгаа уун сууна. “Ирмүүн чанасан өндгөнд мөн ч нугасгүй шүү” гэж бодогдоход инээмсэглэл түүний нүүрэнд тодров. Түүнийхээ төлөө бүхнийг зориулж чадах сэтгэл нь Намуунд дулаахан мэдрэмж төрүүлнэ.

Чимээ гаргахгүйг хичээн хувцсаа өмсөх зуураа Ирмүүнийг дахин дахин хархад сэтгэлд нь нэг л сайхан. Нүүрээ будаж янзлан тольдох зуураа “Ирмүүнээ, хайр нь ажилдаа явлаа. Чи босох уу?” гэж асуусанд Ирмүүн нойрмоглон “За за, хайр нь бослоо” гэх нь өнгөрсөн өдрүүдийн хар дурсамжийг улам бүдгэрүүлнэ.

Tuesday, December 1, 2009

Дэндүү Давчуу

Tuesday, December 1, 2009
Клип нь жоохон муухан хийгдсэн гэж хэлмээр ч, дууны үг нь тун их таалагдлаа. Бидний амьдрал дэнүү давчуу гэж...


 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;