Tuesday, September 8, 2009

Нэгэн тестийн учир буюу хариу нь

Tuesday, September 8, 2009
Дээр би нэгэн тест хийх гэж байна гэж бичиж байсан. Тэр тестийн учир нь одоогийн залуучуудын нийгмийн хандлага хир байгааг тодорхойлох гэсэн нэгэн оролдлого байлаа гэхэд болно байх. Хэд хэдэн вебсайт дээр Танилцъя хэсэг байдаг бөгөөд энэхүү хэсгүүдэд би нэгэн Танилцъя зар тавьсан юм.

Одоогийн нийгэмд залууст бэлэнчлэх сэтгэлгээ ноёлж, амархан амьдрал, найр наадам, зугаа цэнгэл хайх болсон хэмээн бид ярьдаг. Мэдээж хүн бүр тийм биш ч гэлээ нилээд олон хүн иймэрхүү зүйлсийг хайж байгаа гэдэгт итгэдэг. Харин би үүнийг баталгаажуулж, үнэхээр залуус тийм амархан, бэлэн юм хүсэж байна уу гэдгийг тодорхойлохыг хүссэн юм.

Ингээд, залуухан эрчүүд үнэхээр баян боломжийн гэсэн ямар ч бүсгүйтэй танилцаж, хайр сэтгэл, бие биендээ таалагдах үгүй нь хамаагүйгээр эдийн засгийн сонирхол нь ноёлж байна уу гэдгийг үзэхээр шийдсэн маань Танилцъя зараар хэдэн хүн хэрхэн хандах нь вэ гэсэн жижиг тест байлаа.

Тавьсан зар маань “Боломжийн амьдралтай, хувьдаа машин, байртай бүсгүй найз залуу хайж байна. Хүсвэл зургаа емайлээр илгээнэ үү” гэсэн утгатай байлаа. Нийт 14 хоног тавигдсан зард маань сэтгэгдэл хэлбэрээр нийт 47 хүн танилцах хүсэлтээ илэрхийлж, емайл хаягаа үлдээжээ. Харин миний шуудан уруу 28 хүн захидал илгээснээс, 2 нь л өөрийн гэх зургийг хавсаргасан байлаа.
Үүнээс дараах дүгнэлтүүдийг хийлээ.

1. Манай залуучууд бас яахаа алдсан цагаандаа гарч шулуудчихсан улс биш, эсвэл их л няхуур болгоомжтой ханддаг бололтой юм.

2. Хоёр долоо хоногийн хугацаанд нийт 75 хүнээс танилцана гэсэн санал хүлээн авсныг бодоход бидний ярьдаг эдийн засгийн сонирхол, шунал байдаг нь ямартаа ч худлаа биш бололтой.

Энэ бол эрчүүдийн тест байсан бол та бүхэн өөрсдөө энэхүү тестийг охид бүсгүйчүүдэд хийж болох шүү дээ. Монгол охид бүсгүйчүүдийн маань нэр хүнд угаасаа уначихсан энэ үед энэ тест бас л тэрийг нь баталгаажуулах л болов уу гэж бодож байна.

Ямартаа ч Монгол эрчүүдийн нэгээхэн хэсэг нь бас л амархан, бэлэн амьдрал хайж, өөрсдөө тэмцэхээс зайлсхийж байгаа нь үнэхээр харамсалтай.

Жич: Этик болон бусад эрхийн асуудал хөндөгдөх учраас ямар сайтыг ашигласан болон, хүсэлт ирүүлсэн хүмүүсийн талаарх мэдээллийг энд дэлгэрэнгүй оруулаагүй болно.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;