Tuesday, August 11, 2009

Гар утасны дугаар ба зиндаа

Tuesday, August 11, 2009
Анх 1996 оноос хойш Монголчууд гар утастай танилцаж эхэлсэн түүхтэй. Тэр үедээ ОК барааны савангаас том хар Моторолла барьсан хүмүүс, тэр нь их л чамин, содон гоё харагддаг, битүүхэндээ тэр хүмүүст атаархдаг байж билээ. "Би том болоод гар утастай, машинтай, гоё эгч болно" гэж мөрөөдөөд л хэ хэ. Би ч гэсэн жоохон, хөөрхөн байж. Одоогийн үеийн залуус бас л ингэж бодож, мөрөөдөж явсан. Ихэнх нь энэ мөрөөдлөө биелүүлчихсэн, тэр үеийнхээс хамаагүй авсаархан, үйлдэл ихтэй, гоё гар утастай, машинтай болцгоожээ. Одоо 2.7 сая хүн амтай манай улсын 50% нь гар утас хэрэглэдэг гэсэн статистик байдаг.
Гар утас манай улсад орж ирэхдээ л анхнаасаа зиндаа заасан, гангараа байсан. Даруй 13 жил өнгөрсөн ч гэлээ тэр зангаа тавихгүй хэвээр л. Үнэтэй, чамин утас, Мобикомын 9911-тэй дугаар барих нь харсан хараагүй хэн бүхэнд өөрийн чинь зиндаа, эд баялаг, албан тушаалыг илтгээд байдаг гаж жишиг тогтоод удчихаж. Гадаадын ямар ч улсад гар утасны дугаараар моодлоно, зиндаархана гэж байдаггүй. Хамгийн өөрийн хэрэглээнд тохиромжтой, үнэ багатай, чанартайг сонгодог. Харин үйлчилгээний байгууллагууд цээжилхэд амархан суурин утасны дугаарыг л булаацалддаг байх.
Монголд бол байдал эсрэгээрээ, гар утас хувь хүмүүст амь амьдралыг нь зааварчилдаг болоо юу даа. Төгсгөл нь адилхан дугаар эхнэр, нөхөр, хүүхэд барьдаг гэнэ. 9911-тэй бол мундаг баян, компанийн захирал, эсвэл том тушаалтан байна гэнэ. Дараа төлбөрт дугаартай хүн бүр баян байх ёстой гэнэ. Нэг компанийг хэт шүтэн биширсэн, дугаараас хамааралтай болох нь дэндүү өрөвдөлтэй гэмээр.
Үнэнээ хэлэхэд би 9911-тэй дугаар барьдаг. Тэглээ гээд би хүнээ байгаад авилгал авдаг том төрийн түшээ биш, компанийн захирал биш, нэгэн компанийн менежер ажилтай, цалингаас цалин хүрдэг жирийн нэгэн. Гэхдээ л бусад хүмүүсийн жишгээс болоод утасныхаа дугаарыг хүн болгонд зарлаад байж болдоггүй. Нэг л их баян хүн гэж ойлгоод таньдаг таньдаггүй хүмүүс утастаад мөнгө шаналгах гэдэг гээд боддоо. Бас байн байн урьдчилсан төлбөрт дугааруудаас дохино, танилцья гэсэн мессеж ирнэ. Би эхлээд мэдэхгүй буцааж залгаад байсан, дандаа жоохон охид эсвэл хүүхнүүд утсаа авчхаад таслаад байдаг байсан юм. Би гайхаад байсан, манай нэг найз нүдийг минь нээж өгсөн л дөө. "Тэнэг минь ээ, наад 9911-тэй дугаарыг чинь боссууд, ялангуяа эрэгтэй боссууд барьдаг болохоор жоохон охид бие үнэлэх санаатай, тоогдочих гээд утастаж, мессеж бичдэг байхгүй юу даа" гэдийм даа. Инээх ч хэцүү, уйлах ч хэцүү. Жоохон охидыг нь бодохоор уур ч хүрэх шиг, өрөвдмөөр ч юм шиг. За ингээд ганцхан утасны дугаараас болж зөндөө юм болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.
Гар утасны дугаараар тэр хүн суурь хураамжаа төлөх боломжтой юм байна даа гэж хэлж болохоос биш, сайн хүн, муу хүн, баян хоосон, том албан тушаалтан, ажилтан гэж ялгах, жиших боломжгүй л баймаар юм. Дэндүү өрөөсгөл ойлголттой байх юмаа хүмүүс.
Дугаараа зарах уу гэж бас их утастана. Үгүй гэхээр хэдэн сарын дараа дахиад, зарчих л даа гээд дахиж утасдана. 9911-тэй дугаарын үнэ тэнгэрт хадсан юм гэнэ лээ, хамгийн багадаа 1,500 ам.доллар. Хов жив сонсохнээ зарим дугаар 5,000 ам.доллар хүрч байсан гэнэ. Машины үнэтэй дугаар гэж бас байх л юм даа гэж.
Бусад улсуудтай адил утасны дугаараас ямар компанийн дугаар, урьдчилсан эсвэл дараа төлбөрт гэдэг нь мэдэгддэггүй болчихвол энэ зиндаархал, гаж үзэгдэл байхгүй болно. Харин тэр хүртэл зөндөө зай бий.

Monday, August 10, 2009

Нэгэн тест

Monday, August 10, 2009


Ойр орчимд, энэ нийгэмд яг юу болоод байгааг мэдрэхээр нэгэн "аянд мордохоор" боллоо. Энэ нь нэгэн тест хийх санаа юм. Чухам юуг, яах гэж тестлэх талаар одоогоор нууц хэвээр үлдээе. Дууссаны дараа та бүхэнд үр дүнг нь танилцуулана.

Friday, August 7, 2009

Friday, August 7, 2009

Сүүлийн үед энэ төрийн түшээдэд зориулж мөн их бичижээ. Хэ хэ, би болимоор юм аа. Миний энэ сэтгэл, нервийн өчүүхэн хэсгийн ч үнэд хүрэхгүй муусайн юмууд... за болий. Хүн муулах хар энерги цуглуулдаг гэсэн хэ хэ хэ. Одоо дандаа гоё юм бичье дээ.

Thursday, August 6, 2009

Оройтсон бороо ба мөнгөний урсгал

Thursday, August 6, 2009
За ингээд намар болжээ гэж. Удахгүй сургууль цэцэрлэг цуглана, хүмүүсийн ээлжийн амралтууд ерөнхийдөө дуусаж хот маань буцаад бужигнан даа. Сайхан шүү, шороо тоос шуурсан, өвөлдөө утаан бүрхүүлтэй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, соёлгүй бүдүүлэг хөдөөнийхөн, бие үнэлэгч, завхай залуусаар дүүрсэн ч гэлээ миний Улаанбаатар сайхаааан. За мэдээж тэгээд машин барьдаг мань мэт зам нь там болсон ч гэлээ нааш цааш хөлхсөн хэвээр л байдаг нь "Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэгчээр өөриймсөг хандаж орхин явж чадахгүй, боломжгүйдээ энэхүү метрополис хотдоо амьдран суух юм даа.

Тэгж байтал нь 8-аас 9 сарыг дуустал төвийн хэдэн замаа засна гэж Яам нь айлдаж байх юмаа. Ухаан мулгуу миний бодоход борооны, хүйтний улирал эхэлж, хүн ам нь буцан төвлөрч эхлэх үед зам харгуйгаа засаж янзалж байдаг манайхаас өөр тэнэг газар байдаггүй л байлтай. Сая хавар энд тэнд баахан зам хаагаад засаад л байх шиг байсан, тэгсэн нөгөөх нь энэ зуны хэдхэн хүчтэй бороонд шороо нь урсаад явчихсан байх юм. Дахиад л баахан нүхтэй зам.
Нэг сурвалжлагчийн бичсэнчлэн, Монголын урлагтай жолооч нар мандтугай! УБ ралли гэж нэрлэе гэж хүртэл санал гарсан. Үнэн юм чинь. Өдөр бүр бартаат замын уралдаанд явж байгаагаас дутахааргүй л уран жолоодлого үзүүлж байна шүү дээ. Зам муу, нүх сүвийг нь тойрно, дээрээс нь жолооч нар нь бас муу, соёлгүй, за тэгээд тэд нараас зугтана, дайжна, бултана, хажуугаар нь нүхээ тойрно, аа бас тэгээд очих газраа хурдан оччих санаатай хурдална. Энэ чинь ямар ч хүнд бартаат замын уралдаанаас дутахааргүй шүү дээ.

За тэр урлаг мурлаг ч яахав, угаасаа Монголчууд их авьяаслаг ард түмэн, цусанд нь байгаа биз. Харин энэ зам засварыг хэн, яах гэж ийм хүнд хямралтай жил, цаг хугацаа, цаг агаарын оновчгүй үед хийлгэдэг байна аа гэж бодлоо. Тэгсэн бодоод байхан ээ "тэр чинь их учир жанцантай, Жанцан гэдэг чинь манай өвөө байгаа юм" гэдэг шиг л. Цаана нь нөгөө төрийн хэдэн нөхдүүд урьд жилүүдэд зүгээр идэж болдог байсан мөнгөн урсгал нь тасалдаад ирүүт гэнэт мэргэн санаа олоод, угаасаа муу замтай юм чинь засЪя гэхээр үгүй гэж дургүйцэх хүнгүй хэмээн сэтгэж энэхүү төсөл гэх юмыг сэтгэж гэдэг нь илт болоод ирж байгаа юмаа. Мэдээж хэн ч надад "харин тийм ээ, сорри найзаа, гэхдээ бид нар идэх мөнгө олдохгүй тэгээд ийм юм бодож олоод" гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ мань мэтийн зовж байж олсон хэдэн төгрөгөөс минь төлсөн татварыг ингэж зарлагдаж, хэн нэгэн тэнд зүгээр л суугаад баяжиж байгааг харахлаар зүрхэнд цус хурах юмаа (лаг сүртэй байна уу ха ха).

Ханаж цаддаггүй төрийн түшмэдүүдээ, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, энэ амьдралдаа биз юмаа гэхэд үр хүүхдүүдэд чинь энэ их идэж уух, авилгал чинь сайн тусахгүй л байлтай. Айж ичихээ байсан ч гэлээ, миний эсвэл бусдын биш ядаж өөрийнхөө хойч ирээдүйгээ бодоод наад ногоорсон бөндгөрөө жоохон ажиллуулаад үзээч. Идэж болох л байх, авилгал хээл хахууль хаа ч байдаг асуудал, гэхдээ хэмжээ хязгаар гэж юм байдаг даа.

Төрийн төлөө боож үхэж байгаа нэг бүдүүн оготно бичив (ха ха ха).
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;