Tuesday, March 31, 2009

Гутранги бодол

Tuesday, March 31, 2009
Зүрх сэтгэл гэдэг үгнээс залхаж байна
Заавал ингэж нэрлэх хэрэгтэй гэж үү
Хайр дурлал гэхээс уур хүрж байна
Хоосон юмыг нэрлэх ёстой юм уу
Харж, барьж амталж болохгүй зүйлд
Худал нэр зүүх хэрэггүй биш үү
Үзэн ядаж байна би энэ төөрөгдөлийг
Уйдаж байна би энэ бүх худал хуурмагаас

Гуйлгачин шиг хүнээс сэтгэл гуйгаад
Ядуу юм шиг гуниж гутраад
Хайраар дүүрэн зүрхээрээ баярлаад
Харин би баян хүн шиг байх ёстой биш үү

Ойлгох юм алга болжээ
Ойр зуурханыг л эргэх болжээ
Сохор хүн шиг л би тэмтэчээд
Саруулхан шөнө ч юм харахаа больжээ

Хоёр нүд, хоёр чихэндээ итгэхгүй
Ганцхан зүрхэндээ найдаад
Мөрөөдөлдөө умбаж яваа би
Хэзээ л нэг бүдрэн сөгдөж
Харууслын далайд живэх бол
Тэр цагт би өөрийгээ зүхэж
Тэнэгтээ гайхаж хоцроно
Урагшаа нисэж байсан хүсэл минь
Ургаа мод шиг хөшиж орхино
Тэглээ ч гэлээ амьдрал зогсохгүй
Ташуурдсаар л намайг аваад одно
Гаднаа инээж баясаж л амьдрана
Дотроо хөшиж үхэжээд унтарсан байна
Дулаацуулж гэрэлтүүлэх нараа би
Дахиад хайж эхлэх болно
Харин ахин үхэхгүй гэх баталгааг
Хайр сэтгэлдээ би өгч чадахгүй

Урсан хөврөх он жилүүдийн уртад
Унтарж асасаар л миний зүрх сэтгэл
Уйтгарт амьдралийг туулах байх
Үхэх цагт харин намайг
Үлгэрийн юм шиг байлаа гэж
Магтах болов уу сэтгэл минь
Үхлүүт явсаар байгаад
Үхлээ дээ гэж гашуудах болов уу хайр минь

Sunday, March 29, 2009

Чамд өгөх бодрол

Sunday, March 29, 2009
Хүмүүний амьдрал иймээс хойш
Хэн нэгнийг гомдоочихоод
Тарчлан шаналах хэрэггүй ээ
Тааж зөгнөөгүй эргэлтийг бодож
Тайвширж харин уйл

Давс амтагдсан нулимстай чинь
Харуусал бүр чинь гараг
Дахиж харин алдалгүйгээр
Хайрт түүнтэйгээ учираг

Сэтгэл зүрх үхдэггүй юм
Санаандгүй байтал харин
Сайхан хайртай учирдаг юм
Сааталгүй харин тэр үе хүртэл
Санаандаа багтаагаад хүлээгээрэй

Ганцхан өгөх хайраа чи
Нандигнан хадгал даа түүндээ
Гашуудах зүйлгүйгээр чи
Нартын жаргалыг өг дөө хайртдаа

Tuesday, March 17, 2009

Яаж зүгээр байхав...

Tuesday, March 17, 2009
Дэлхийг тойрсон санхүүгийн хямрал Монгол дээгүүр гарахдаа "Хүүе ээ, би үүгээр өнгөрөөгүй юмсан, хэн ийм болгочхов оо" гэдэг онигоо моодонд ороод байгаа энэ үед, би яаж дуугүй байх вэ, бас л хямралын талаар бичихээр шийдлээ. Аль 2008 оны 8, 9 сараас АНУ-д дуу дуугаа авалцан дампуурал нүүрлэж эхэлсэн үеэс л бусад орнууд эдийн засаг, санхүүгийн зах зээлээ хамгаалах бодлого боловсруулж эхэлсэн бол Монгол улсын хувьд ёстой л нөгөө өнгөрсөн борооны дараа цув нөмрөв гээч нь болж байх юм. Мундаг санхүү, эдийн засагчид нь ТВ-ээр бөөн онол яриад л, түүнийг нь жирийн ард иргэд ангайж хүлээж аваад л... Хөөрхий энгийн ард тэр үг хэллэгүүдийг чинь яаж ч ойлгох юм билээ, инфляц дифляц гэдэг 2 үгэнд л эмээ өвөө нар бол ухаан алдаад унаж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүд ч гэсэн их хөөрхөн, хэдэн санхүү, эдийн засгийн үг хэллэг цээжилчихсэн, тэрийгээ сэтгүүлчдэд тоть шиг давтаад л... Үнэхээр санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн нь тэдэн дотроо хэд билээ. Эвий эвий, миний эх орон, ард түмэн, төрийн тэргүүн, УИХ минь.

Замбараагүй хэтэрчихсэн төсвөө тодотгох гэж хөгийн санаанууд оруулж ирнэ. Өөрсдийнхөө цалинг 30-40% бууруулчих гэхээр өргөгддөггүй гар нь бусад хүмүүсийг хална, татвар төлөөсийг нэмэгдүүлнэ, жирийн ард иргэдийн ар нуруун дээрх ачааг нэмэгдүүлэх болохоор дуртай нь аргагүй өргөгддөгийг юу ч гэхэв. За тэгээд хямрал гэдгийг далимдуулж хэдэн бор цаас илүү “идэх” гэсэн улс төрчдийн нүд гялалзаад, шүлс нь асгараад, үнэн инээдтэй. Хоёр толгойн гэрээ гээд л өдөр шөнөгүй маргаад зөвшилцлийг эс олов гээч болох.

Үнэнээ хэлэхэд зарим үед ийм нийгэмд, ийм төрөөр удирдуулаад, ангайгаад явах ч гэж дээ гэж гутрах үе байдаг л юм. Нэгэн монгол хүн болж төрснийх, ёстой л нөгөө тэнэг монгол зангаараа “зурсан зураг нь энэ юм байлгүй дээ” гэж ирээд л нэг их санаа алдан сууна.

Sunday, March 1, 2009

Галзуурахад ганц хуруу

Sunday, March 1, 2009
Галзуурахад ганц хуруу дутуу байна шүү. Ажил ихтэй, блог-оо байтугай, өөрийгөө анхаарч санаа тавихаа болихнээ. Хумс хуруу, үс зүс гундаж гандаад хэцүүдэж байна шүү. Найз нөхдөөсөө сүүлдээ тасраад, бүр л зожигроод байна уу даа. Хүний амьдрал нэг бодлын үнэн уйтгартай, өдөр болгон хийдэгээ хийгээд л, унтаад л, сэрээд л, идээд л... Тэгсэн хэрнээ тун богинхон.
Төрлөө, сургууль дүүргэлээ, ажилд орлоо, хүнтэй гэрлэлээ, хүүхэдтэй боллоо, хүн нас барлаа, амжилтанд хүрлээ... эдгээр нь бол хүний амьдралд болдог сэтгэл хөдлөлүүдийн голч, байх ёстой л үйл явдлууд. Харин эдгээр дээр нэмж хачирлахыг хүн өөрөө л хийхгүй бол аяандаа болно доо гээд хүлээгээд байвал, хүлээсээр байгаад л үхэх байх. Тэгхээр хэдийн би өөрөө дандаа тэгж чаддаггүй ч бусад залуусдаа уриалж байна. Нэг ч гэсэн өдрийг уур уцааргүй, инээд хөөртэй, баяр баясалтай, хайр дурлалаар дүүрэн өнгрөөгөөч ээ гэж. Тэгхээр л шоудана гэж битгий буруу ойлгоорой. Найз нөхөдтэйгөө салхинд гарах, юрьж суух, хэн нэгэн нь ядарч яваа бол тав таван мянгыг цуглуулаад нэг удаад өгчих л дөө. Их мөнгө биш ч гэлээ, хүний сэтгэл шүү дээ. Хайртай залуу, бүсгүйтэйгээ нэг гараад гараа бариад алха. Чиний бодоогүй, хүлээж байгаагүй сайхан сэтгэгдэл, мэдрэмж тэрнээс, хамгийн энгийн юмнаас л төрнө шүү дээ. Бие биенээ хайрлаа гэж хэ хэ :)

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;